Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

2019 оны 10-р сарын 22 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Unthhhhhhhitled1_20191022045255

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо.

Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж байгаа.

2018 онд Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хар шорооны нөөцийн судалгааг явуулсан. Судалгааны дүгнэлтээс үзвэл сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Улаанбаатар хотын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтон цөлжсөн байдалтай байна. Энэ үйл явц цаашид ч нэмэгдэх магадлалтай тул хар шорооны олборлолтыг нэн даруй зогсоох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

Дээрх судалгааны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 оны гуравдугаар дугаар сарын 26-ны өдөр байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн ногоон бүсээс хар шороон хөрсийг олборлож хотын ногоон байгууламжид ашигладаг байдлыг өөрчилж, цэцэрлэгжүүлэлтэд цаашид лаг болон бусад органик гаралтай бордоог ашиглах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дагуу холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хар шороон хөрсийг орлуулах шинэлэг арга аргачлал, технологийг туршин нэвтрүүлээд байна. Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК-иуд хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж, байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх