Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж осгох шахсан гурван хүүхдийг аварчээ.
Тэрээр өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж явахдаа 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхдийг олжээ. Намар оройн хүйтэнд жиндэн даарч,ухаан нь балартан амь насаа алдах болзошгүй байдалд орсон хүүхдүүдийг ийнхүү аварсан байна. Хүүхдүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Гурван хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад Б.Нямдоржид талархал илэрхийлж,ажилд нь амжилт хүсье.