..Эхний мөргөлтөд хүнд гэмтэл авсан ч тэр амьсгалж байв. Гэтэл босч чадахгүй тусламж эрэн замын голд хэвтэж байсан түүний дээгүүр өөр нэг жолооч харалгүй дайран гарсан нь өнөөдөр амьд сэрүүн байсан бол 71 насны сүүдэр зооглох буурайг хорвоогоос буцаажээ.
Өдгөө 26 настай залуу хархүү өмнө нь зогссон автомашиныг тойрон гарахдаа урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ингэхдээ зам тээврийн осолд өртөн хүнд гэмтэл авсан хүнийг анзааралгүй дайрч амь насыг нь хохироожээ.
Залуу “Өмнө машин зогсчихсон байхаар нь өөр арга байгаагүй тул урсгал сөрөөд тойроод гартал нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Буугаад хартал хүн байсан” гэж болсон ослын тухай, бороотой хүйтэн өдрийн тухай харамсал тээн өгүүлэв.
Түүнийг ийн ярихад шүүх хуралдааны танхимын араар суусан бүсгүйчүүд аавыгаа нэхэн санаж, эхэр татан уйлах нь өр өвдөм. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцсон дунд охин нь “Аав минь эрүүл саруул, өвчин хэлдэггүй хүн байлаа. Цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж тэтгэвэрт гарсан ч зүгээр суудаггүй хүн тул жижүүрийн ажил хийдэг байв. Ажлаа тараад гарч яваад осолд орж аав маань биднээс үүрд явсан. Энэ залуу бидэнтэй нэг ч удаа ирж уулзаагүй. Ээж минь “Санаатай дайрчихсан биш дээ, ирээд эмгэнэл илэрхийлэх байх гээд ажил явдлаар их харсан даа” гэж хэлээд нулимсаа шудрах аж.
Шүүгч, шүүгдэгч залуугаас хохирогчийн ар гэрийнхэнтэй яагаад очиж уулзаагүй, уучлалт гуйгаагүй вэ гэдгийг асуухад “Утсаар ярьсан чинь уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь айгаад очоогүй” гэв. Шүүгч “Хүний амь нас хохирчихоод байхад хүрч очоод уучлалт гуйх чинь хүний ёс. Хүний ёсоор хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй хэр нь шүүхийн өмнө өнөөдөр гэмшиж байна гээд зогсож болдог юм уу” хэмээн зэмлэв.
Бүхэл бүтэн хүн замын голд тусламж эрэн байхад яагаад түүнийг харалгүй дайрч одов оо? Тухайн үдэш маш их бороотой, өмнөөс ирж яваа машинуудын гэрэл гялбаад байсан гэдгийг шүүгдэгч хэлж байна.
Түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзжээ.
“Та анзаараагүй хүний дээгүүр гарчихсан. Та болохгүйг нь мэдсээр байж урсгал сөрсөн учраас хүний амь нас хохирчихоод байна. Өмнөх машин ослын зогсолт хийсэн байлаа ч саадыг тойрон гарахдаа өмнөөс машин ирж буйг болон эргэн тойрноо сайтар нягталж шалгасны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Та үүнийг мэдэх үү. Өмнө машин зогсож байна гээд л урсгал сөрөөд байж болох уу” хэмээн шүүгч ширүүлэв.
Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
2.Энэ гэмт хэргийг:
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуралдааны турш “Гэмшиж байна” гэх товч хариулт өгч байлаа. Хохирогч талаас амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 20 сая төгрөгийг нэхэмжлэв. Үүний 7 саяыг төлж барагдуулсан тул үлдсэн 13 сая төгрөгийг хохирогчийг мөргөж хүнд гэмтээсэн, гэмтсэн байхад нь дайрч амь насыг нь хохироосон хоёр “буруутанд” хувь тэнцүүлэн тооцож тав хоногийн хугацаанд 6.5 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болж шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдрийн 15.00 цаг хүртэл завсарлав.
Зам тээврийн ослоор жилд 500 хүн амь нас хохирдог тухай статистик мэдээ бий. Тэдний нэг нь мөргүүлж, дайруулж хөөрхийлөлтэйгээр нас барсан энэ 70 настан байв. Амьдрал, үхлийн дунд алга дарамхан зай бий. Магадгүй хүнд гэмтсэн ч хүүхдүүддээ харагдаад, сар шинээр хоймортоо суугаад тамхиа нэрж суух буурлыг харалгүй дайрчихсан энэ харамсам явдал хэдий санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ч хичнээн үрийн хацраа үнсүүлж золгох шинийн нэгний өглөө эзгүйрээ бол?
Жолооны ард суусан л бол та зүйрмэглэх ч эрхгүй гэдгийг үргэлж санаж хариуцлагатай, анхааралтай зорчихыг хэн бүхэнд үүгээр сануулъя. Аавыгаа алдсан зөвхөн нэг л жишээ энэ. Өөр олон үрс авто ослын улмаас аавыгаа үүрд алдаж амьдын хагацалд унаж буй гэдгийг алхам тутамдаа санаж явъя, жолооч нар аа. ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ…
Г.Сүрэн