“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр компанийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, Олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн хүрээгээ өргөжүүллээ. Засгийн газраас Асгат болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Багануурын уурхайн 430 сая тонн нүүрсний нөөцтэй талбайн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Энэ хүрээнд дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн Газрын ховор элементийн судалгааны нэгжийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэхүү нэгжид Ахмадын холбооны төлөөлөл болох ахмад геологич А.Хаумдас зөвлөхөөр ажиллаж байна.
“Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Жэйд Метан” компанитай нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт 5000 тууш метр талбайд эрлийн өрөм тавьсан. Үр дүнд нь хайгуулын өрөм тавихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хайгуулын ажил дууссаны дараа төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлнэ” гэлээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав “Компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсон ахмадын баярын ажил хэрэгч уулзалт боллоо. Үе үеийн ахмадуудад хүндлүүлэх, хамт олонд харьяалуулах хэрэгцээ шаардлага бий. Энэ боломжийг олгож буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууддаа талархсан сэтгэлээ илэрхийлж байна” гэв.