Монгол бол байгалийн нөөц арвинтай орон. 80 төрлийн ашиг малтмалын 6000 гаруй орд одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа. Үүнээс стратегийн ач холбогдол бүхий 16 орд бий. Ойролцоогоор 2000 компани 3500 лиценз эзэмшдэг гэх албан ёсны тоон баримттай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр энэ бүх мэдээллийг иргэдэд өгөв.
Нээлттэй хаалганы өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцсон. Өдөрлөгөөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Гэхдээ иргэдийн хамгийн ихээр зочилж, мэдээлэл авч байсан асар нь “Эрдэнэс Тавантолгой” ХК байлаа. Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох болсон энэ компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын төлөвлөгөө нь олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ оны хагас жилийн гүйцэтгэлээр тус компани 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үнэндээ ч Монгол Улсын саалийн хоёр дахь үнээ хэмээн нэрлэгдэх болсон компанийн бодлого шийдвэр, төлөвлөгөө иргэн бүрт хамааралтай.
Д.Уужимсанаа: Цанхид 100 мянган ажлыг байр бий болно
Тавантолгойн уурхайн эргэн тойронд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас гадна нүүрсний терминал, баяжуулах үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах ажил шат дараатай хэрэгжиж эхэлжээ. Мөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогыг өсгөхөөр ажиллаж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл технилогийн менежер Д.Уужимсанаа хэлж байлаа. Мөн тэрбээр цанхид 100 мянган ажлыг байр бий болно гэх таатай мэдээллийг өгсөн юм. Түүнтэй цөөн хором ярилцах боломж гарахад тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 гэрчилгээг гардан авсан. Энэ гурван стандартыг хангаж гэрчилгээ авсан уул уурхайн компани тун ховор” хэмээн ихэд бахархангуй ярьсаар биднийг угтав.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн замын бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд өрнөж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөж, зарим нь ТЭЗҮ, зураг төслийн хүрээнд явагдаж байна. Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь төсөл хэрэгжүүлэгч тусгай зориулалтын компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийг гүйцээн хэрэгжүүлэхэд 690 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Засгийн газрын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж байна. “Монголын төмөр зам” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.
-Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто зам барихаар төлөвлөөд байгаа. Энэ ажил ямар түвшинд байгаа вэ?
-Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто зам барина. Энэ ажлыг концессийн гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа. Хангимандал боомт руу авто зам барих ажлыг Засгийн газрын зүгээс эхлүүлсэн. Авто зам баригдсанаар ганц Гашуунсухайтын боомтоор биш Хангийн боомтоор нүүрс гаргах боломж бүрдэнэ. Одоогоор 10 сая орчим тонн нүүрсийг Хангийн боомтоор гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Авто зам ашиглалтад орсноор жолооч нарын ажлын байрны асуудал ч давхар хөндөгдөнө. Хичнээн ажлыг байр нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Гашуунсухайтын авто замд нийтдээ 13 мянган машин явдаг. Үүний ард 20-30 мянган жолоочийн ажлын байрны асуудал яригддаг. Хангимандал чиглэлийн авто зам ашиглалтад орсноор 2500-4000 ажлын байр нэмэгдэхээр байгаа.
-Зүүнбаянгийн төмөр замаар 30 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн гэж байсан. Энэ үнэн үү?
-Зүүнбаянгийн төмөр замаар эхний ээлжинд 8 сая тонн нүүрс гаргах, цаашдаа үүнийг 30 сая тоннд хүргэх төлөвлөөгөтэй ажиллаж байгаа. Мөн Гашуунсухайтын төмөр замаар 30 сая тонн нүүрсийг гаргана. Энэ тал дээр “Энержи ресурс” “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах юм.
-Тээврийн терминал байгуулах төслийн ТЭЗҮ бэлэн болсон гэж байсан. Хэдийнээс ажил эхлэх вэ?
-Жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулна. ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Олон улсад 20-30 саяас дээш тонн нүүрс олборлож байгаа уурхайнууд авто тээвэр болон галт тэргэнд ачихдаа тусгай конвейр, технилоги ашиглаж байж үр дүнтэй ачилт хийдэг. Терминалыг хийснээр авто машины дугаарлалтын асуудал багасна. Ингэснээр жолооч нарын ая тухтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ?
-Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ сонгон шалгаруулалт зарлагдсан. Төсөв хөрөнгө нь батлагдчихсан. Баяжуулах үйлдвэр эхний ээлжинд 10 сая тонн нүүрс угаах юм. Цаашид үе шаттайгаар 30 сая тонны нүүрс угаах төлөвлөгөөтэй зураг төсөл хийгдэнэ.
-Усан хангамжийн төслийн ТЭЗҮ хийгдэж дууссан байх аа?
-Усан хангамжийн төслийн ТЭЗҮ хийгдээд дууссан. Одоо барилгын зургийн ажлын сонгон шалгаруулалт зарлагдаад явж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр болон бусад бүтээн байгуулалтын ажил өсөн нэмэгдэж байгаа тул Говийн бүс нутгийг гадаргын усаар хангана. Загийн усны хоолойгоос буюу 70 орчим км-ийн зайнаас усыг татаж, уурхай руу авчирч баяжуулах үйлдвэртээ ашиглана.
-Уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар та өмнө нь хэлсэн. Төлөвлөгөө хэдийнэ биелсэн юм биш үү?
-Уурхай дээр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Цанхийн баруун уурхайд 20 сая тонн, Цанхийн зүүн уурхайд 30 сая хүртэл тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх хавраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн эзэмшлийн дахин нэг лицензийг ашиглахаар ТЭЗҮ хийж эхэлж байна. Мөн олборлолтоос гадна борлуулалт дээр их анхаарч байна.
-Нүүрсийг гадагш нь гаргахаасаа илүүтэй дотоодын аж ахуйн нэгжүүдэд борлуулах ажил мөн хийгдэж байгаа гэсэн. Захиалга ч орж ирсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хувийн компаниуд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан Чойр чиглэлд авто зам тавьж эхэлж байна. Тэнд угаах үйлдвэр бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ зөвхөн хятад руу гаргах биш дотооддоо худалдан авагчтай болж байна. Эхний ээлжинд 5 сая тонн нүүрс авахаар гэрээ хэлцэл хийх яриа ч бий. Чойр, Шивээ-Овоо сумдад байгаа угаах үйлдвэрийг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах боломж байна гэсэн үг.
-Хариуцлагатай уул уурхай гэдэг үг бараг амны уншлага болж. Танай компани “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, 100 мянган мод суулгаж, ойжуулах ажлыг эхлүүлсэн байсан?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК байгаль орчинд ээлтэй уурхай болох зорилготой. Энэ хүрээнд “Ногоон говь” буюу “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлдэг. Оператор компаниуд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Цогцэций суманд 100 мянган мод тарих ажил эхлүүлсэн. Ажил 40-50 хувьтай явж байна. Мөн говийн тоосжилтыг бууруулах шинэ технилогийг эрэлхийлж байна.
-Ажилчдын ая тухыг хангах хүрээнд шинэ кэмп барьж байгаа гэл үү?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулаад 10 жил болж. Энэ хугацаанд ажилчдынхаа тав тухтай байлгах тал дээр анхаарч ирсэн. Энэ хүрээнд олон улсын стандартад нийцсэн кэмп, оффиссын барилгын ажлыг эхлүүлэх гээд тендер зарлачихсан. Зураг төсөл нь хийгдэж дууссан. Барилга барих компаниа сонгон шалгаруулж байна. Ирэх хавраас ажил эхэлнэ. 2020 он гэхэд шинэ тухлаг кэмптэй болчих байх.
-Хичнээн хүний багтаамжтай вэ?
-400-500 хүний багтаамжтай. Мөн оффиссийн барилга гээд иж бүрнээр нь ашиглалтад оруулах юм.
Э.Баатарцогт: Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ашгаас хүртсэн
Өдөрлөгийн үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа. Иргэн бүрийн халаасанд байгаа хувьцаа хэзээ амь орж, ашгаа хүртээх вэ гэх асуулт байсан юм. Засгийн газрын 296 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгахыг үүрэгдсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.
-Хувьцааны талаарх иргэдийн ойлголт тун хомс байх шиг байна. Энэ талын мэдлэг, мэдээллийг иргэдэд илүү түлхүү олгох ёстой юм шиг. Энэ чиглэлээр танай төвөөс ямар ажил хийдэг вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөгт оролцож байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хувьцааны данс нээхээс гадна хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдээлэл өгч байна. “1072 мэдээллийн төв”-ийн гол зорилго нь компанийн засаглалыг ил тод байлгах, иргэдэд санхүүгийн мэдлэг олгох юм. Мөн хувьцааны талаар иргэдэд мэдээлэл өгөхөд оршино. Иргэд санхүүгийн суурь мэдлэггүйгээс буруу ойлголт ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор 21 аймаг, 9 дүүрэгт сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
-Иргэдийн хамгийн ихээр асуудаг асуулт нь хувьцааны эрхийг хэзээ нээх вэ, хэрхэн зарах вэ?
-Яг тийм. 1072 ширхэг хувьцаатай холбоотой иргэдийн гол асуулт нь хувьцааг хэзээ нээлттэй болгох, хэрхэн зарах, ноогдол ашиг хэдэн төгрөг болох, хэзээ авах вэ. Өөрөөр хэлбэл, хувьцааны өгөөжийг хүртмээр байна гэдэг. Иргэд хувьцааны ногдол ашиг хүртэж байснаа огт мэддэггүй. 1072 хувьцаа 2010 онд анх олгогдсон. Түүнээс хойш 9 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдэд өгөөжөө өгсөн. Гэхдээ иргэд үүнийг сайн ойлгодоггүй.
-Тухайлбал..?
-Тухайлбал, иргэн бүрт өгч байсан 21000 төгрөг. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос өгсөн. Дараа нь эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 615 мянган иргэний асуудлыг шийдвэрлэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууд “Эх орны хишиг” нэрээр сая төгрөг авсан. Мөн сургалтын төлбөр авсан 277 мянган иргэн бий. Үнэндээ Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ашгаас хүртсэн. Гэсэн хэдий ч үүнийгээ сайн ойлгодоггүй. Харин 9 жилийн хугацаанд энэ компани юу хийсэн, ноогдол ашгаа яагаад хүртээдэггүй юм гэх байдлаар ханддаг. Компани 2011-2016 оны хооронд 681 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулж ирсэн.
-Чалкогийн өрийг хэлж байна уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2011- 2016 он хүртэл 681 сая ам.долларын өр төлж байгаад 2017 онд 471 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн татварын ашигтай ажилласан. Гэвч ашигтай ажиллаад ирэхээр мөнгөтэйн зовлон эдэлж байна. Иргэд болохоор олсон ашгаа тараах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнээр нэг боомтоор үйл ажиллагаа явуулж байсан бол одоо хоёр гарцаар буюу хоёр боомтоор нүүрсээ тээвэрлэж эцсийн бүтээгдэхүүн хийж ашгаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. Мөнгөн хөрөнгөө зөв үр ашигтай зарцуулахаас энэ бүхэн шалтгаална. Тиймээс компани, иргэд хоорондын итгэлцэл дээр ирээдүй цэцэглэн хөгжих явдал шалтгаалж байгаа юм.
-Гэвч иргэдийн төрд итгэх итгэл алдагдсанаас үүдэж бүтээн байгуулалт нэрийдлээр нэг хүн идчихвий гэж болгоомжилдог шүү дээ?
-Компани ашигтай ажиллаж эхэлсэн. Тэгэхээр их мөнгө авах нь гэж ойлгоод байдаг. 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчид олсон ашгаа тараахаар нэг иргэнд ногдох нь 26800 эсвэл 13000 төгрөг байх жишээтэй. Үүнийг сонсоод зарим нь чамладаг. Мэдээж иргэддээ ногдол ашиг хүртээх ёстой. Энэ хүрээнд ч ажиллаж байгаа. Энэ бүхнийг иргэд маань ойлгох ёстой. Энэ мэдээллийг хүргэхийн тулд 330 суманд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн компанийн ил тод байдлын хүрээнд иргэдэд мэдээ мэдээллийг байнга хүргэхийн тулд бүртгэлийн нэгдсэн системийг бий болгосон. Энэ системээр дамжуулан та хэдэн ширхэг хувьцаатай байгаагаа мэдэх боломжтой. Ингэснээр иргэд заавал цаг зав, мөнгө зарж, хувьцааны данс нээлгэх, ногдол ашгаа асуух шаардлагагүй болж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн хувьцааны дансаа нээлгээд байгаа вэ?
-Хувьцааны дансыг 1.7 сая гаруй иргэн нээлгэсэн. Хувьцааны данс нээхийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ашиг хүртэх төдийхнөөр ойлгодог.
-Өөр ашиг тустай гэж үү?
-Данс нээлгэснээр тухайн хүн хөрөнгийн зах зээлийн талбар дээр очиж, 220 компанийн хувьцааг худалдаж авах боломж нээгдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцааг худалдаж авснаар эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тэр компани ажлын байр бий болгож, тогтвортой ажиллах боломж бүрдсэнээр татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр хувь хүн хоёр янзаар ашиг хүртэнэ. Тухайлбал, ханшийн зөрүүн дээрээс ашиг хүртэх боломжтой. Уг нь иргэдэд эдийн засаг болон хувьцааны талаарх мэдээллийг түлхүү өгсөнөөр дэлхийн томоохон ордуудын хувьцааг иргэдэд олгож, баялгийг тэгш хуваарилах, зөв засаглалыг бий болгох гэсэн хувилбар руу явах ёстой. Нэг хүнд олгож байгаа ноогдол ашгийг өгөөж нь маш бага, харин олуулаа нийлээд үйлдвэр нээж бүтээн байгуулалт өрнүүлбэл, эсвэл тэтгэврийн санд хуримтлуулбал өгөөж нь илүү юм. Түүнээс бус бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь ач холбогдолгүй.
-Хувьцаа эзэмшиж байгаад нас барсан хүмүүсийн хувьцааг өвлүүлэх асуудал бүрхэг хэвээр. Ашиг шимийг нь хүртэж чадахгүй байсаар өөд болох нь гэх хандлага ч түгээмэл. Тэдэнд та юу хэлэх вэ?
-2012 оноос хойш хувьцаа эзэмшиж байгаад нас барсан хүмүүсийн хувьцааг хэрхэх нь одоогоор хаалттай байна. Компани нээлттэй болсны дараа өв залгамжлалын эрх нээгдэнэ.
Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК цэвэр ашгаа 102 дахин давуулан биелүүлээд байна
“Эрдэнэс Тавантолгой ХК хагас жилийн хугацаанд 350 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ч 677 тэрбум төгрөгт хүргэж, цэвэр ашгийг 102 дахин давуулан биелүүлжээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 09 дүгээр сарын 24-ний байдлаар 478 тэрбум төгрөгийг оруулсан гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Мөн нүүрсний үнэ 2020 оны II улирлаас унаж мэдэхээр байгаа ч энэ үед хэрэгжүүлэх эрсдэлийн төлөвлөгөө гаргаснаа компанийн удирдлага онцолсон юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Энэ оны хувьд танай компанийн хамгийн том зорилт биелсэн. Тухайлбал, дагалдах төсөл хөтөлбөрүүд буюу төмөр зам, автозамын төслүүдээ эхлүүлсэн явдал гэж дүгнэж болох уу?
–Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа агентлаг, газрууд оролцож байна. Мөн уул уурхайн олборлолтын чиглэлийн аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 24-ны байдлаар 12.5 сая тонн нүүрс олборлохоос 13.1 сая тонныг олборлосон. Мөн өнөөдрийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Уг нь 1.5 их наяд төгрөгийн борлуулалттай ажиллах төлөвлөгөөтэй байсан. Цэвэр ашгийн хувьд 350 тэрбум төгрөгөөр төсөөлсөн ч 677 тэрбум төгрөг буюу 102 дахин давуулан ажилласан өндөр амжилтыг манай компанийн хамт олон үзүүллээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 478 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 25-102 дахин давуулан биелүүллээ. Таны хэлсэнчлэн 2019 онд компанийн хамгийн зорилт биелсэн гэж үзэж болох юм.
-Төмөр зам болон автозамын ажил, зогссон байсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулсан нь ийн дүгнэхэд хүргэсэн юм?
-Дагалдах төсөл хөтөлбөрүүд авто зам, төмөр замын төслөө эхлүүлсэн. Мөн зогссон байсан төслүүдээ дахин эхлүүлэх том амлалтыг Засгийн газрын өмнө авсан байсан. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг анхны хөрөнгө оруулалт буюу 156 тэрбум төгрөгөөр эхлүүллээ. Ерөнхийлөгч болон холбогдох сайдууд газар дээр нь очиж танилцсан. Ажил амжилттай урагшилж байгаа. Уг зам нь стратегийн олон гарцыг бий болгоод зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм.
–Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн 2015 онд зогссон. Энэ жилээс харин бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхээр боллоо. Эхний хөрөнгө оруулалтыг хийсэн үү?
-Тавантолгой-Гашуунсухайтын төсөл удаан хугацаанд зогссон байсныг сэргээж анхны хөрөнгө оруулалтыг хийсэн. Төсөлд нийт 698 сая ам.доллар шаардлагатай. Үүнээс эхний 110 сая ам.долларыг ТУЗ-ийн хүрээнд шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолын хүрээнд ажлыг эхлүүлээд байна. Үүнийг дагаж Тавантолгой, Оюутолгой, Хангимандалын авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын параллель авто замын ажлын концессын гэрээг байгуулж, үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон. Хөрөнгө оруулалт нь бүрдсэн гэж ойлгож болно.
-Боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хамгийн чухал зүйл нь боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ тал дээр тус бүр нь 10 сая тонн хүчин чадалтай нүүрс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна. Мөн усан хангамж гэх мэтчилэн төлөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Энэ нь компанийн орлого хэд дахин өсөх, ашиг бий болох боломж юм. Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг хилээр давуулахын тулд 32 ам.доллар төлж байгаа. Энэ бол 8 ам.доллар болж тэр хэмжээгээрээ уул уурхайн ашиг орлого нэмэгдэх боломжтой байгаа юм.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах хандлагатай байгаа. Мөн нүүрсний хэрэглээг нь танах нь зүйтэй гэх асуудал ч байнга яригдах боллоо. Эрсдлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Ойрын таван жилийн хугацаанд үнэ тогтвортой байгаа. Гэхдээ 2020 оны хоёрдугаар улирлаас уналтын байдалтай байх нь байгаа. Үүнийг зөв менежмент хийснээр авч гарах боломжтой. Энэ хүрээнд эрсдлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд 56 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байж болзошгүй асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Энэ асуудлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгалт хийж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болохыг тогтоосон. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуроро 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан байдаг.
Учир нь Үндэсний аудитын газрын тайлан албан ёсоор баталгаажаагүй, гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн “Инженер маркшейдер” ХХК, мөн “Топ сүрвэй” компанийн Цанхийн уурхайд маркшейдерийн хяналтын хэмжилт, техникийн үнэлгээ хийсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013-2017 онуудад хөрсний овоолгын хэмжээг алдаатай тайлагнасан, сийрэгжилтийн итгэлцүүр ашиглан 7.7 сая тонн/куб хөрсний бичилт хийж, 56 тэрбум төгрөгийн илүү зардал гаргасан гэх байдал хангалттай баримтаар тогтоогдоогүй. Иймээс хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж хуулийн байгууллага шийдвэрлэсэн байдаг.
-Иргэд хувьцааны ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэх асуултыг их тавьж байна?
-“Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах үүргийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу төлөвлөгөө гаргаад дотоодын дата бааз үүсгэх тогтсон стандартад дагуу бичиг баримт бүрдүүлэх ажил болчихсон. Засгийн газрын тогтоолын хүрээнд “Эрдэнэставан толгой майнинг” гээд компанийг үүсгэн байгуулаад үйл ажиллагааг нь эрчимжүүлээд явж байна. Олон улсын зөвлөхүүд хамтран ажиллаж байна. Ордын 8 лицензийн зөвхөн нэг буюу Зүүн цанхийн лицензийг авч олон улсны хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгох үүрэг хүлээж байгаа.
Ер нь “Эрдэнэс Тавантолгой” төсөл 3.7 тэрбум ам.долларын өртөгтэй. Үүний анхны хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийх бүрэн чадалтай. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн орлого, үр ашгаас бий болсон орлогоор анхны хөрөнгө оруулалт буюу зогссон байсан хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлэх ажилыг хийнэ. Дунд хугацааны хөрөнгө оруулалтыг IPO болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох юм. Бусад хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдаас гэсэн гурван хувилбар явж байгаа. Яг төлөвлөсөн цаг хугацааныхаа дагуу явж байгаа. Зарим хугацаа алдсан зүйл нь тодорхой зохион байгуулалт гэхээсээ илүү бичиг баримт боловсруулалт, зарим нэг асуудалтай холбоотой тодорхой хэмжээний хугацаа алдсан зүйл бий. Гэхдээ ерөнхий төлөвьлөгөөт хугацаандаа ойртсон яваа.
-“Эрдэнэс Тавантолгой майнг” компанийн гол үүрэг юу юм бэ?
-Эрдэнэс Тавантолгой майнг” компанийн гол зорилго нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч нээлттэй компани болох. Цаашилбал, хамгийн чухал нь хөрөнгө босгох үүрэгтэй.
-Хичнээн төгрөг босгох вэ?
-Урьдчилсан тооцоогоор 700-1.2 тэрбум ам.доллар гэдэг тооцоо бий. Гэхдээ компанийн үнэлгээ хэрхэн гарах нь уу. Дэд бүтэц, зам, байгууламж, нүүрс баяжуулах үйлдвэрээ яаж уях уу гэдгээс хамаарч компанийн үнэ цэнэ эцсийн байдлаар тогтоогдоно.
-Хувьцааны үнэ өсөх үү?
-Хувьцааны үнэ өснө гэдэгт эргэлзэх шаардлагагүй. 2016 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиггүй ажилласан. 2016 оны эцэст 36.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2017 онд 406, 2018 онд 807, 2019 оны эхний хагас жилд 677 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ хэрээр компанийг сонирхох, бизнесийн орчин сайчрах байдал ажиглагдаж байна. Мөн хувьцаа эзэмшигчийн үнэлэмж өндөр болсон. Өөрөөр хэлбэл, ямар хэдэн хувьцаа эзэмшиж байгаагаас хамаарч үнэ, цэнэ нь нэмэгдэж байна гэж ойлгож болох юм.
-Цанхийн баруун уурхайн олборлогчийг шалгаруулах тендерт дэд сайд асан Лхамсүрэнгийн “Мон дулаан” болон “Хишиг арвин” гэх хоёр компани шалгарсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Баруун цанхийн олборлогчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зохион байгуулагдсан. Энэ хүрээнд компаниуд оролцсон юм билээ. Нэр дурьдсан компаниуд оролцсон нь үнэн. Гэхдээ энэ компани сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Өөрөөр хэлбэл, шаардлага хангаагүй гэсэн үг. Энэ бол Үнэлгээний хорооны шийдвэр. Тус хорооны шийдвэр хараат бус байдаг учраас хэн ч нөлөөлөх эрхгүй. Цаашид олборлолтын компаниудтай чанарыг сайжруулах, бичиг баримтыг боловсронгуй болгох чиглэлээр нэлээн зөвлөмжүүд гарах байх.
-Тэгвэл хууль бусаар сонгон шалгаруулаагүй гэсэн үг үү?
-Тендер зарлаад хэн ч шалгараагүй байхад шалгаруулсан мэтээр мэдээлэл цацсан. Энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлэх байна. Эдийн засгийн хувьд өсөлттэй байгаа компани, уурхайчид руу дайрч довтолдог асуудал Монгол Улсад хэрээс хэтэрсэн. Магадгүй мэдээлэл дутмаг байгаагаас энэ мэт гүтгэлэгт итгэдэг байх.
-Дэлхий дахинд нүүрсний хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. Ер нь эрсдлийг хэдэн жилээр тооцож төлөвлөгөө боловсруулсан бэ?
-Ойрын таван жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна гэсэн мэдээлэл бий. Гэхдээ өсөлттэй гэсэн үг биш. Баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Ингэхдээ 30 жилээр эрсдлийг тооцоолж байгаа. Өөрөөр хэлбэл, 30 жилийн тогтвортой байдлыг хангаж, эрсдлийг тооцсон төлөвлөгөө хийгээд явж байна. Харьцангуй гайгүй болов уу гэж найдаж байна. Гэхдээ тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, зөв менежмент хийж чадах эсэхээс энэ бүхэн шалтгаална.
Энэ онд хоёр ч удаа нүүрсний үнийн уналт бий болсон. Гэхдээ зөв менежмент хийснээр даван туулсан. Зөвхөн баруун цанхиас гэхэд 28.6 сая ам.доллар улсын төсөвт болон компанидаа үлдээсэн. Зүүн цанхийн 3 удаагийн өсөлтөөр 32 сая ам.доллар гээд нийт 54 орчим сая ам.долларыг нүүрсний уналтаас биш өсөлтөөс нь бий болгож чадсан нь менежмнетийн зөв арга байсан юм болов уу.