Хоолойн махны үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, Агаарын чанарыг мэдээллэх систем, Эрүүл мэндийг өдөр тутам хянах зүүдэг төхөөрөмж, Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг ам зайлагч, Экскаваторын зарим эд ангийг үйлдвэрлэх технологи, Угаадасны нүхний бохирыг цэвэрлэх бэлдмэл зэрэг монгол эрдэмтдийн бүтээсэн 350 гаруй шилдэг бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн есдүгээр сарын 26-ны 09:00 цагт академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд буюу МУИС-ийн хичээлийн II байрны урд нээгдэнэ.
“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнд эрдэмтдийн судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон энэ онд боловсруулж бий болгосон инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд багтжээ.
Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниуд зэрэг 45 байгууллага оролцоно.
Тус үзэсгэлэн Сүхбаатарын талбайд 27-ны өдөр үргэлжлэх бөгөөд мини одон орон судлалын өргөөнд зочилж, сансар огторгуйгаар аялах боломжийг иргэд, хүүхэд багачуудад олгох юм.