Эрдэнэт үйлдвэрийнхэн 2019 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрөл дээр биелүүлж, эдийн засгийн үр ашиг өссөн үзүүлэлттэй байгаа нь ажиллагсдын цалинг нэмэх боломжийг бүрдүүлжээ. Энэ таатай мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтай уулзах үеэр дуулгаж, ямар ч цаг үед ажил мэргэжилдээ нягт нямбай, сэтгэлтэй хандаж, хамтын хүчээр амжилттай ажиллаж байгаа уурхайчиддаа талархлаа илэрхийллээ. Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан ажиллагсад, уурхайчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцох зорилгоор хамт олны төлөөлөлтэй “амьд яриа” өрнүүлж байна. Тус ярианы сүүлийн уулзалтад Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төв, Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд хийсэн мэдээлэлдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Оны эхнээс төлөвлөгөөт зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Бид хийх ажлаа тодорхой болгосон нь үүнд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид цаашдын зорилт, бодлогоо тов тодорхой төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор та, бидний хамтран боловсруулсан төрөлх үйлдвэрээ дараагийн 15 жилд буюу 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл бид бүгдийн ирээдүйн зүг чиг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид үйлдвэрлэлийн үр дүн дээр тулгуурлан, ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Тиймээс ч өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Мөн ур чадвартай, ажлын голыг нугалдаг сайн ажилчдаа дэмжиж урамшуулах үүднээс “Тэргүүлэх зэрэгтэй ажилчин”-ыг шалгаруулан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл урамшуулал олгодог боллоо. Тодорхой шалгуур үзүүлэлтээр эхний ээлжинд 30 ажилчныг тодруулан, өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр 300 мянган төгрөгийн нэмэлт цалин тооцож олгоно. Түүнчлэн манай үйлдвэрт ээлжийн мастер гэж чухал ажил үүрэг хүлээсэн, анхан шатны удирдах ажилтнууд бий. Тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой. Тиймээс “Манлайлагч мастер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, энэ жилд 40 мастерийг тодруулж, тухайн ажилтны ур чадварын үзүүлэлтээр тус бүр зургаан зуугаас нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал хүртээнэ. Энэ урамшууллыг оны эхнээс тооцож олгох юм. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн ханш сайн биш байна. Улсын төсөвт нэг тонн зэсийн үнэ 6272 ам.доллар байхаар тусгагдсан ч өнөөдөр 5700 ам.долларын ханштай байгаа. Эндээс харахад, бид тонн тутмаас 400-500 ам.доллар алдаж байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа ч өртөг зардлаа бууруулан ажилласны чамлахааргүй үр дүн эхний 9 сард гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үүн дээр тулгуурлан, тооцоолж ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллагсдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид энэ онд хоёр дахь удаа ажиллагсдынхаа цалинг нэмж байгаа юм. Цалин хэдэн хувиар нэмэгдэх тоо хэмжээ удахгүй тодорхой болно. Бид эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн зарчмаар ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, эдийн засгийн өнөөгийн байдал, тэдгээрт нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, хөрөнгө оруулалтын талаар өмнөх онуудын байдалтай харьцуулан мэдээлсний зэрэгцээ үйлдвэрт ажиллагсдын нийгмийн асуудал, тэр дундаа ажилчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг дээшлүүлэх, тогтвортой байлгахад авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай санал солилцож, зээлийн хүүг бууруулах, үндсэн зээл болон хүү төлөлтийн уян хатан, таатай нөхцөлийг бий болгох талаар зөвшилцөлд хүрч буйг мэдээлсэн нь ажиллагсдын сэтгэлд нийцлээ.
Уулзалтад оролцогсод үйл ажиллагааны мэдээллийн дараа санал бодлоо хэлж, удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд аж ахуйн нэгжийн статустай ажиллаж байсан РСЦ компанийг өөрчлөн, тус үйлдвэрийн бүтцийн Барилга засварын цех болгосон нь тэнд ажиллаж буй 240 гаруй хүний нийгмийн асуудлыг давхар шийдсэн маш оновчтой шийдвэр гэж олон ажилтнууд талархаж байв. Түүнчлэн хүнд хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хамгаалах хувцас хэрэгслээр хангах ажлыг илүү боловсронгуй болгох, залуу ажилтнуудаа сурч боловсороход нь дэмжлэг үзүүлэх болон хамтын гэрээ, орон сууцны асуудлыг шийдэх зэрэг ажилчдын нийтлэг эрх ашиг, хувь хүмүүсийн асуулт, хүсэлтэд удирдлагууд хариулт өгч, шат дараалан шийдэх боломжтой гэдгийг хэллээ.
Ажилчдынхаа үгийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхий захирал болон бусад удирдлагуудад баярласнаа уурхайчдын төлөөлөл илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй байгааг, тэрхүү сайхан ирээдүй рүү хамтын хүчин зүтгэлээр хүрэх ёстойг Ерөнхий захирал уриалснаар үйлдвэрлэлийн цехийнхэнтэй хийх уулзалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.