Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.
20 жилийн ойн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна.
ӨНӨӨДРИЙН БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Эрүүл мэндийн үйлст зүтгэгчид ээ, эмч нар аа Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд 1996-2000 онд томоохон шинэчлэлт хийсэн нь өрхийн анагаах ухааныг шинээр нэвтрүүлэн өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоог үүсгэн байгуулж хөгжүүлсэн явдал байсан юм.
“Бүх нийтийн хамралт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламжид хамруулах” зэрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхэд манай өрхийн эмнэлгийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна.
21 аймаг, томоохон сум суурин газар болон нийслэлийн 8 дүүргийн 220 өрхийн эмнэлэгт 3000 эмч, мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь буюу 2,4 сая хүнд анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, 20 гаруй төрлийн шинжилгээг хийж, 0-5 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн хяналтад авч, эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Та бүхэнд баяр хүргэе.
Манай бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт дэлхийн дунджаас дээгүүр байгаа нь өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал үзүүлэлт юм.
Өрхийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл аж төрөх дадал хэвшил бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох хэмжээнд хүрч, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Иргэдийнхээ шадар туслагч, хамгийн ойрын эрүүл мэндийн зөвлөх нь болсон Та бүхэнд Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн хөгжсний 20 жилийн ойн халуун мэндийг хүргэж, гэгээн сайхан үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн ивээлээр монголчууд эрүүл энх, амар амгалан аж төрөх болтугай.
Баяралаа, Та бүхэнд.
20 жилийн ойн баярын хуралд амжилт хүсье” гэлээ.
Өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 9-р сарын 17-ны өдрийн 149 тогтоолоор Ховд, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар аймагт, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд анхлан байгуулагдаж байжээ.