Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж нэлээд хэдэн жилийн өмнөөс тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэйг сануулж ирсэн билээ. Тэр түүхэн үүрэг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, тэр тусмаа МАН-ын үнэмлэхүй олонхийн бүлэгт ногдсон юм. Хэдийгээр энэ УИХ-ыг хэрүүлтэй уруул, хэл ам тойроогүй ч МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж хэрэгжүүлж чадлаа.
Нэг ёсондоо түүхэн гавьяа байгуулсан гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө Ерөнхийлөгч ч тэр, АН ч тэр дуугаа нэгтгэж зөвшилцийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ахлах хэмжээнд хүртлээ асуудал тун нааштайгаар урагшилж байлаа. Гэтэл гэнэтхэн Ерөнхийлөгч саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргасан юм. АН ч хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь 1 жилээр нэмэх гэх зэрэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зарим нэг заалт дэмжигдээгүйг эс тооцвол нэлээдгүй нь хуулийн төсөлд тусгагдсан. АН-аас дэвшүүлсэн саналуудаас ч төсөлд суусан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болон АН-ын өргөн барьсан бүх саналыг хүлээж аваагүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Ажлын хэсгийн хувьд хамгийн гол нь ярилцая, зөвшилцөе гэдэг байр суурьтай байж, олонхийн саналаар асуудлыг шийдээд явсаныг бид бүгдээрээ харж, сонссон. Гэхдээ нэгэнт байдал ингэж эргэсэн тул МАН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн зүгээс УИХ-ыг тарааж ээлжит бус чуулганыг зохион байгуулах талаар яриад эхэлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хэдхэн хүний суудлаас амин чухал учир ийм замыг сонгохоос аргагүй гэдэг дээр санал нэгдэж, одоогоор УИХ-ын 47 гишүүн парламентийг тараахаар гарын үсгээ зураад байгаа аж.
Хамгийн хачирхалтай нь Төрийн ордонд том самбар байрлуулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байсан АН-ын хувьд одоо болохоор эсэргүүцээд эхэллээ. Хариуцлагаа тооцож байж дараа нь УИХ тарах хэрэгтэй гэдэг ядмаг гох дэгээг бодож олжээ. Үнэхээр хариуцлагын асуудал яригдана гэвэл УИХ-ын гишүүд тарах санаачилга гаргах уу? Хамгийн гол нь нийгмийн захиалга болсон Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд л УИХ дахь олонхийн бүлгийн олонх ийм шийдвэрт хүрч байгаа бололтой. Яг энэ цаг үед л Үндсэн хуулийн реформыг хийхгүй бол дахиад 8 жил ярих эрхгүй болно. Нөгөө л тогтолцооны гажиг гүнзийрч, улстөр, эдийн засаг нь хямралтай, ард түмэн нь ядуу тарчиг хэвээр үлдэнэ гэсэн үг. Ийм байдлыг хүсээгүй учраас нэр бүхий 47 гишүүн УИХ-ыг тарааж ээлжит чуулганыг явуулахыг илүүд үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Үүнд 29 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс ард түмний санал асуулгыг үр дүнд хүргэхгүйн төлөө бүхий л хүчээ зориулах нь мэдээж. Өөрөөр хэлбэл, санал асуулгыг ирцийг бүрдүүлэхгүй байх нь дээрх хоёр “найзын” гол зорилго болоод байгаа учраас л МАН-ын бүлгийн гишүүд ухаалаг, зөв гарц бодож олсон нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал юм. Нэг ёсондоо УИХ-ын сонгууль явуулах дайны тэр их мөнгийг үр дүнгүй хийсгэхгүйн тулд, нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө хамгаалж үлдэхийн тулд л тэд ийм замыг сонгожээ. Олон улсын жишгээс харахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд парламент тарсан бол дараагийн парламент нь уг төслийг шууд ёсчлон баталдаг аж. Үүний төлөө одоогийн УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргах гэж байна.
Д.Лхагвадорж
Ene zob shuu dee ANam ekhleed tar geed bsan chini odoo jinkhene nuuree kharuulaj bna daa undsen khuuliig oorchlokh kheregtei shuu dee odoo oorchlokhgui bol bolokhgui shuu dee ard niit uuniig kharaj bgaa shuu dee