Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 9-р сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна.
Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцно.
“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс” 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд “Алсыг харъя, Органикийг сонгоё” өдөрлөгүүдийг зохион байгуулна.
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.
- Шинэ нэг төрлийн шилдэг бүтээгдэхүүн
- Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
- Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн
- Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
“Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр дараах номинациар шалгаруулалт зохион байгуулна. Үүнд:
- Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг
- Зохион байгуулалт сайтай оролцсон дүүрэг
- Зохион байгуулалт сайтай оролцсон сум
- Шинэ сортын ногоо нутагшуулсан ногоочин /хүлэмж, ил талбай/
- Хамгийн олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин
- Эрүүл төмс борлуулсан ногоочин
- Шилдэг жимсчин
- Эмийн ургамал, суулгац, байгалийн жимс
- Шилдэг хоршоо
- Шилдэг аж ахуйн нэгж
- Зохион байгуулалт сайтай оролцсон төсөл, олон улсын байгууллага
“Намрын ногоон өдрүүд-2018” арга хэмжээнд хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 18 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, дундын зуучлалгүй хэрэглэгчдэд шууд борлуулалт хийсэн. Нийт 3.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх жилүүдээс 3 дахин өссөн байна. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн, сав, баглаа боодол сайжирсан, бүтээгдэхүүний чанар дээшилсэн, оролцогчдын тоо нэмэгдсэн онцлогтой байсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам