Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор өнөөдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ –ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, НЗД –ын хэрэгжүүлэгч агентлаг НГБХЗХГ –ын дарга Ө.Ган-Өлзий, НЦУГ –ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б. Батзориг, НЗД–ын хэрэгжүүлэгч агентлаг НБГ –ын орлогч дарга Ц. Отгончимэг нар болон Нийслэлийн гэр бүлийн “Хүндэт элч” Ч. Уранхолбоо, Нюанс хамтлаг, Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд оролцлоо.
Уг аян нь хоёр дах жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх хугацаанд зарлан оюутны ур чадварын “Дэвжээ” тэмцээн, “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн, “Манай хороо – Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан гэсэн гурван нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн.
Энэ жилийн аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх бүтэн жилээр үргэлжилж, Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, ТББ, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.
Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дадал хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР