Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ

2019 оны 09-р сарын 16 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0227

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллалаа

.

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Энэ онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс  болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна.  Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

 Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ  Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх