“Цэвэр агаартай өдөр”-т эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, шинжилгээ хийж байна

2019 оны 09-р сарын 14 өдөр, 14 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70036668_2161679327277854_3236411561530621952_n

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 14, 15-нд “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд “Цэвэр агаартай өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож буй бөгөөд гэр болон байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Мөн төрийн байгууллагуудын зүгээс Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлуудаа танилцуулж, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өдөрлөгийн үеэр утаагүй зуух болон сайжруулсан түлшний чанар, хэрэглээний явцтай газар дээр нь үзэж танилцсан бөгөөд иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, мэдээлэл солилцлоо.

Тэрбээр “Нийслэл хот гэх нэгэн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэд маань эрүүл, аюулгүй, цэвэр, тав тухтай орчинд амьдрах эрхтэй. Ялангуяа агаар, орчны бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд орчин тойрны хог хаягдлаа цэвэрлэж, хорт утаа ялгаруулах бүхнээс хол байхыг чухалчлан энэ арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцох хэрэгтэй” хэмээн хэллээ.

Түүнчлэн “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож байгаа юм. Тухайлбал, өнөөдөр НЭМГ-ын харьяа нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд өдөрлөгт оролцож буй иргэдэд мэдрэл, чих хамар хоолой, зүрх судас, цусны сахар үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үзлэг, шинжилгээг хийж байна.

Мөн зөв хооллолт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын нөлөөллөөс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-өөр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үзлэг, шинжилгээ хийх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх