“Русские Витязи” баг уран нислэгийн үзүүлбэрээ Хүй мандлын тэнгэрт толилууллаа

2019 оны 08-р сарын 28 өдөр, 19 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_6208_20190828051502

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид, иргэд олон нийт үзэж сонирхсон юм.

Су-30СМ нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг уран бөгөөд амаргүй хүнд жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг юм байна. Хойд хөршийн армийн уран нислэгийн үзүүлбэрийг үзэж сонирхохоор Хүйн долоон худагт маш олон иргэд цугласан байсан бөгөөд ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэсний дотор “үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Одоогоор Су-35 онгоцны хөдөлгүүрийг Су-30 загварт байршуулж, шинэ тоноглолоор зэвсэглэхээр болсон бөгөөд үүнийгээ 4+ үеийн онгоц болгон зэвсэглэлд авахаар болжээ. Хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг одоогоор тавдугаар үе гэж тодорхойлдог аж. Үүнд ОХУ-ын Су-57, АНУ-ын F-22 болон F-35, БНХАУ-ын J-20 зэрэг онгоц багтаж буй.

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэрийн үеэр Хүйн долоон худагт “Бэсрэг наадам” зохион байгуулж, 64 бөх зодоглосноос “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шагналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх