“Цаатны наадам – 2000 цааны баяр” боллоо

2019 оны 08-р сарын 19 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7051

Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396  болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.

 Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам – 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 8 дугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.

“Цаатны наадам – 2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчлан оролцов.  Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм.  Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.

Цаатны наадмын үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргахаар ажилласан байна.

Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөр”-ийг 255 дугаар тогтоол батлагдсан. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 42 дугаар зарлиг, Засгийн газар 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” 168 дугаар тогтоолыг тус тус гаргасан байна. Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болсон байна.

Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж  ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл  аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаа бугын тоо толгой өсөж, тэдний амьжиргаа дээшилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх