Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Хэнтийаймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийгээд байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.