Төмөр замчдын баярын өдөрт

2019 оны 08-р сарын 02 өдөр, 17 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67708298_2392143791061955_5796922234199080960_o

МАЗУГ-ын ЭША П.Чүлтэмсүрэн, Э.Хүрэлбаатар
“Зам дагаж хөгжил” хэмээн монголчууд хэлж, ярьж ирсэн. Учир нь зам харилцаа бол улс орны хөгжлийг түүчээлэн ирсэн байдаг. Үүний тод жишээ нь монголчууд “Төмөр зам” хэмээх тээврийн шинэ салбарыг үүсгэн байгуулсны дараа 1949 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулснаар дэлхийн жишигт нийцсэн, олон улсын чанартай тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгээд өдгөө 70 жилийн нүүрийг үзжээ.
Өөрөөр хэлбэл 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар энэхүү түүх эхэлсэн байдаг.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдал нь манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон юм.
Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол-Оросын төмөр замчдын түүхэн үйл явдлыг олон нийтэд өргөн сурталчлах зорилгоор 2019 оны 6 сард Улаанбаатар хотод Монгол Улсын Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архив, УБТЗ-ын төрөлжсөн архив зэрэг төрийн ба төрөлжсөн архивуудын хамтарсан “Хөгжилд хөтөлсөн ган зам” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод Шангри -Ла зочид буудалд зохион байгуулсан.
Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной, ОХУ-ын Дорнод сибирийн Төмөр замын орлогч дарга А.Парщиков, БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын дарга Жан Зи И, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа зэрэг албаны зочид төлөөлөгчид оролцов.
Үзэсгэлэнг тус байгууллагын үүсэн байгуулагдсан түүхийн он дарааллаар 1949-1965, 1966-1990, 1991-2009, 2010-2019 гэсэн онуудад хувааж,  277 ширхэг архивын баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн.
Мөн ОХУ-ын Эрхүү хотноо 7 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойн хүрээнд “Найрамдлын зам 1949-2019” сэдэвт архивын  баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улс, ОХУ-ын Төрийн болон төрөлжсөн 15 архив тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн архив, ОХУ-ын Гадаад явдлын яамны Гадаад бодлогын архив, “Российские железные дороги” нээлттэй хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэвлэлийн алба, Эрхүү мужийн архивын агентлаг,  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын ерөнхий газар, УБТЗ-ын төрөлжсөн архив хамтран гаргасан.
Тус үзэсгэлэнд Оросын хаант улсын үеэс эдүгээг хүртэлх манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн ховор баримт бичиг, гэрэл зургийг дэлгэсэн.
Үзэсгэлэнгийн нэг дэх хэсэг “Оросын хаант улс ба Монгол Улсын хооронд төмөр зам тавих төсөл” сэдэвт хэсэгт 19 дүгээр  зууны сүүлчээс 20 дугаар зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг Монголоор дайруулан тавих зорилготой анхны төсөл, 1911 онд Богд хаант Монгол Улсын төлөөлөгчид Хаант Орос Улсад  айлчлахдаа Монголд төмөр зам барих ажилд туслалцаа хүсч, улмаар 1914 онд Оросын хаант засаг ба Монголын засгийн газар хооронд төмөр зам барих тухай гэрээ байгуулсан зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг дэлгэн үзүүлсэн билээ.
Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг “ЗСБНХУ-ын тусламжтайгаар Монголд төмөр зам барих ажил” сэдэвт хэсэгт 1930-аад оны дундаас Монгол улсад анхны нарийн царигтай төмөр замыг Улаанбаатар-Налайхын хооронд зөвлөлтийн хөнгөлөлттэй зээлээр улаан армийн тусгай анги тавьсан тухай болон монголын нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалттай хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тавьсан тухай баримтуудыг үзүүлсэн. Мөн 1947 оноос Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, зөвлөлтийн ДЯЯ энэ ажлыг тус яамны харъяа 505 дугаар ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны 6 дугаар сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж, УБТЗ-ын түүх эхэлсэн тухай төмөр замын түүхэнд холбогдох чухал баримтуудыг үзүүлсэн юм.
Үзэсгэлэнгийн  гурав дахь хэсэг “Улаанбаатар төмөр зам” сэдэвт хэсэгт тус нийгэмлэгийн үүсэл, хөгжлийн тухай ховор нандин архивын баримт бичиг, гэрэл зургуудыг хөгжлийнх нь он дарааллаар  үзүүлсэн билээ.
Ингээд та бүхэндээ тус үзэсгэлэнд тавигдсан архивын зарим ховор баримтуудаас дээжлэн хүргэж байна. Үүнд:
1.”Төмөр замчдын баяр”-ын өдрийг тогтоосон анхны тогтоол. 1954.7.22.  (МУҮТА. УТНОНББА).
2.”Наушки-Улаанбаатарын төмөр замын шугам барих тухай” ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1947 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №3134-1024сс тогтоол. Маш нууц. ГАРФ-Оросын Холбооны улсын Төрийн төв архив.
Энэ тогтоолд Наушки-Улаанбаатарын төмөр замын урт нь 399 км байх, барилгын ажлыг 1947 оны IV улирлаас эхлүүлж 1949 оны IV улиралд багтааж дуусгах, ЗСБНХУ-ын Дотоод явдлын яаманд хариуцуулах, энэ барилгад 505 гэсэн дугаар өгөх, 80 мянган хүн бүхий 2 лагерь байгуулах зэрэг чухал заалтууд орсон байгаа юм. Энэ тогтоол анх удаа Оросын холбооны улсын Төрийн төв архивын  нууцлалаас гарч, Эрхүүгийн үзэсгэлэнгийн каталогт нийтлэгдсэн болно.
3.”Наушки-Улаанбаатарын төмөр замыг барих, ашиглахын тулд Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай” ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1947 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №4105-1409 дугаар тогтоол. Маш нууц. (ГАРФ-Оросын Холбооны улсын төрийн төв архив)
Энэ тогтоолд хувь нийлүүлсэн нийгэмлэгт “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” гэсэн нэр өгөх, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах гэрээний төслийг зөвшөөрөх зэрэг асуудлыг тусгажээ. Энэ тогтоол нь мөн анх удаа нууцлалаас гарч ил болсон билээ.
Эцэст нь тэмдэглэхэд манай улсын Төмөр замчид түүхт ойгоо хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байна. Тухайлбал: “УБТЗ” ХНН өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан ажээ. Тэгвэл энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна.
Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн бодит илрэл бөгөөд үүнд манай төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм.

Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх