Дэлхийн аваргад зодоглох жүдочдын нэрс тодорчээ

2019 оны 07-р сарын 31 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59c18140ce48846c8a57006eb1db0c5dbb66a6c2_large

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно. “Токио 2020” Олимпийн наадам эхлэхэд 359 хоногийн хугацаа үлдсэн энэ үед япончууд жүдо бөхийн ДАШТ-д бэлтгэж байна. Олимпийн өмнөх жилийн сорилго болсон ДАШТ-д дэлхийн хүчтэнүүд олноор очноо. Тиймээс Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон билээ.

ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй юм. Мөн эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдгүүд энэ жилийн ДАШТ-ийг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиогийн багт багтаагүй.

Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч холбооноос шийдвэрээ гаргаж, түүний жинд залуу бөхийг оролцуулахаар болсон. Энэ мэтчилэн Монголын багийн бүрэлдэхүүн тодорсон ч шилдэг тамирчид өнжихөөр болсон.

“Рио 2016” Олимпийн наадамд Монгол Улсын жүдо бөхийн баг 14 жингийн 13-т нь эрхээ аван оролцож байсан. Тэгвэл “Токио 2020”-д бүх жинд эрхээ авахаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөх эрхийн төлөө жүдочид бэлтгэгдэж байна.  Монголын баг эдгээр өдрүүдэд  үндсэн бэлтгэлд хамрагдаж байна.

“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх томоохон сорилго болсон ДАШТ эхлэхэд 20 гаруй өдрийн хугацаа үлдлээ.

ДАШТ-д өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх