О.МӨНХЗУЛ: Гурван үеийн цагдаа гэдгээрээ бахархдаг

2019 оны 07-р сарын 19 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5zxh3

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үе дамжин цагдаагийн албанд зүтгэж буй ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах  хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Мөнхзул түүний ээж болох ДХИС-ийн ЭШХ-ийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн хурандаа Г.Оюунчимэг нартай ярилцлаа.

Юуны өмнө Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Цагдаагийн албанд охин нь ээжтэйгээ ажиллаж байсан тохиолдол тийм ч олон биш байх. Надад их содон сайхан санагдаж байна?

О.Мөнхзул: Баярлалаа. Юуны өмнө Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан хамтран ажиллаж байсан болон ажиллаж байгаа хамт олон, үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье.

Би 2000 онд Цагдаагийн Академи төгссөнөөс хойш цагдаагийн байгууллагад тасралтгүй 19 дэх жилдээ ажиллаж байна. Би ээжтэйгээ төдийгүй өвөөтэйгээ гурван үеэрээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Миний өвөө Ширнэнгийн Ганжууржав жирийн цагдаагаас цагдаагийн хэлтсийн дарга хүртэл цагдаагийн байгууллагын амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд 32 жил хөдөлмөрлөсөн, цагдаагийн хурандаа байсан. Өвөөгийн маань ноён нуруу, уужим ухаан,  биднийг хайрлах тэр л эгэлгүй хайр нь намайг цагдаа болоход нөлөөлсөн. Хүүхэд байхаасаа л хажууд нь байж, харж өссөн болохоор тэр. Харин эмээг Дарамрагчаагийн Цэен гэдэг, 10 жилийн сургуулийн багш байсан. Ээж Оюунчимэг, ДХИС-ийн ЭШХ-ийн Цагдаа судлалын төвд ажилладаг.  Хууль зүйн ухааны доктор  (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа цолтой. Бид цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн сүлдээ дээдэлж явдаг  үе үеийн гэр бүл дээ.

Г.Оюунчимэг: Баярлалаа. Би ч бас үе үеийн цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчид, хамтран зүтгэгчид болон шавь нартаа Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Би О.Мөнхзул, О.Мөнхжаргал гэдэг хоёр хөөрхөн охинтой. Бид гурван үеээрээ Цагдаагийн албанд зүтгэсэнээрээ бахархаж байдаг. Цагдаагийн албанд зүтгэнэ гэдэг бол, ард түмнийхээ аюулгүй, амгалан байдлын төлөө л ажиллаж байна гэсэн үг.  Бид өөрсдийн ажлын онцлогоо мэддэг болохоор ажлаа хийхэд ямар нэг саад бэрхшээл байдаггүй. Ажилдаа дуртай, бахархдаг даа. Миний аав цагдаагийн хурандаа Ш.Ганжууржав охин О.Мөнхзулыг минь Цагдаагийн сургуульд суралцахаар элсэн ороход ч тэр, төгсөхөд нь ч тэр маш ихээр баярлан хөөрч Цагдаагийн байгууллагад анх ажилд ороход нь охиныг минь нэгдүгээр ангид орж буй хүүхэд мэт гараас нь хөтлөн хүргэж өгсөн нь саяхан мэт. Хайрт аав, ээж минь миний хөөрхөн охидыг өсгөж хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн нь ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэх гол хүчин зүйл болж байсан. Ийм л эгэл жирийн мөртөө хязгааргүй хайр халамжин дунд өсөж өндийсөн би ч, миний охид ч азтай, их хувь заяатай хэмээн бахархан сүсэглэж явдаг аа.

Эмэгтэй хүний хувьд энэ албанд ажиллаад шантрах, хэцүү санагдах үе байсан уу?

О.Мөнхзул: Ажилдаа дуртай байсан болохоор тийм үе байгаагүй. Цагдаагийн албанд эрэгтэй юу, эмэгтэй юу, нялх хүүхэдтэй юу гэдэг огт хамаагүй байдаг. Бид шөнөжин жижүүрлээд л маргааш нь амрах ч үгүй ажиллаад л зохицуулаад ирсэн. Ажилдаа дуртай байх өөр л дөө. Хүн чинь дуртай юмандаа бүхнээ зориулдаг болохоор шантрах, янз янзын юм бодох ч цаг байдаггүй. Миний хань бас цагдаагийн албанд зүтгэдэг. Шуурхай мэдээллийн төвд ажилладаг. Ээлжээр ажилладаг тулдаа л бид хоёр гэр бүл, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байна. Миний ажлыг их ойлгоно, чадах чинээгээрээ дэмжиж ажилладаг болохоор надад их амар байдаг.

Г.Оюунчимэг. Тиймээ бид ажилдаа дуртай, аав ээж маань зөв хүмүүжүүлж, их хайран дунд өссөн болохоор хэцүү санагдах, шантрах үе байгаагүй юм. Сайхан мэргэжил шүү. Хүний төлөө л ажилладаг. Хохирогч ч тэр, яллагдагч тэр ардаа амьдралтай, үр хүүхэдтэй, ээж, аавтай нэгэн л байдаг. Тиймээ тэдэнтэй эхлээд “хүн” гэдэг байр суурьнаас хандах хэрэгтэй. Тиймээс би шавь нартаа сайн хуульч байхын зэрэгцээ хүнлэг байх хэрэгтэй хэмээн захьдаг.

Arslan.mn

Өвөө нь туршлагатай цагдаагийн ажилтан байсан болохоор хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах үедээ зөвлөгөө дэмжлэг авч байв уу?

О.Мөнхзул: Цагдаад ороод л удаагүй хэргийн материал уншиж судлаад орой болтол сууна. Тэгээд намайг оройтохоор өвөө “Охины ажил ямар байна. Өвөө нь туслалцах уу” гэнэ.  Надад зөвөлгөө өгөх гэж байгаа нь тэр, би зүгээр ээ, өөрөө чадна гэхэд хүндрэл гарвал өвөөдөө хэлээрэй л гэдэг байлаа. Хайрт өвөө, эмээ минь дүү бид хоёрыг өсгөж хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн нь миний ажил хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр гүйцэтгэх баталгаа болж байсан юм. Харин ээж минь хэргээ сайн уншиж учрыг ол, хэрэг бүрийн цаана хүний амь, амьдрал байдаг юм гэнэ. Оюутан байхад ээж манай ангид багшилна. Уг нь ээж нь багш юм чинь ёстой байнга онц авах байх л гэж ангийнхан маань боддог байсан байх. Гэтэл эсрэгээрээ байнга миний ирцийг шалгана, асууна, чангалдаг байсан. Тэгснээр би ирээдүйн ажлынхаа талаар мэдлэгийг олж авсан даа.  Харин намайг Мөнхзул гэхээсээ илүү Оюунчимэг багшийн охин л гэнэ. Учир нь хамт ажилладаг найз нөхөд маань ихэнх нь миний ээжийн шавь нар. Бахархаж явах өвөөтэй, ээжтэй байгаа минь аз завшаан.

Г.Оюунчимэг: 2006 онд Нийслэлийн цагдаагийн газраас /тэр үеийн дарга нь хурандаа Бумнанжид байсан/ бидний тухай “Гурван үеийн цагдаа” гэсэн уулзалт зохион байгуулсан юм. Миний аав энэ арга хэмжээнд охин, зээ хоёртойгоо хамт оролцохдоо бодсон бүхнээ бүтээж, зорьсондоо хүрсэн хүн шиг насны эрхээр давжаахан болж байгаа цээжээ түрж,  ардын баатар болсон шиг л бахархаж миний насаараа цуглуулсан  хамгийн үнэт баялаг, эд хөрөнгө бол үр хүүхдүүд  маань юм хэмээн гайхуулж суусан нь бидний аавдаа барьсан хамгийн том бэлэг байсан юм. Аавын минь хүнийг гэсэн сайхан сэтгэлийн үрээр олон хүн мэргэжил эзэмшиж, ажил, төрөлдөө дадлагажин суралцаж, амьдрал ахуйгаа төвхнүүлж дээшлүүлсэн талаар олон хүн дурсамжаа хуваалцаж,  сэтгэлийнхээ  сүүн цацлыг аавд минь төдийгүй хань, үр хүүхдэд нь өргөж,  сайн сайхныг ерөөж байсан нь миний аав ардаа мөртэй, нэр төртэй олон түмэндээ хүндлэгдэн дурсагдах гавъяатай хүн юм даа гэсэн бахархал өөрийн эрхгүй сэтгэл огшоож, энэ хүний охин нь би шүү дээ гэх омогшил төрж байсаныг одоо эргэн дурсахад үнэхээр сайхан байна.Тиймээ, миний аав биднийг анхаарал, болгоомжтой байхыг сургадаг, өөрийн туршлагаас ярьж сургаж өгдөг байсан. Биднийг ажлаа хир хийж байгаа бол гээд л санаа зовдог байсан нь гарцаагүй ээ.

Та өөрт чинь хоногшин үлдсэн зүйлээсээ дурсана уу?

О.Мөнхзул: Намайг сургуульд байхад эмээ минь багш, их сургуульд ороход ээж минь багш, ажил дээр гарахад өвөө минь (мэргэжлийн зөвлөгөө өгч) багшилдаг байлаа. Ингээд бодохоор би их азтай хүн. Гэр дүүрэн багштай бас хөгжилтэй. Нэгэн тохиолдлыг дурсахад миний өвөө Хан-Уул дүүргийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан бол, хожим нь ээж 1993 -1996 онд, би 2003-2013 он хүртэл тэр тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж, ээжийнхээ сууж байсан өрөөнд би ажиллаж байсан юм. Үнэхээр ховорхон тохиолдол шүү.

Г.Оюунчимэг: Аав минь нэгэн удаа: “Цагдаагийн албанд өдий хүртэл зүтгэсэн юм чинь цагдаагийн хурандаа болчихвол зүгээр дээ” гэсэн үг миний сэтгэлд хоногшин намайг хөтөлж, энэ л хүсэл, итгэлээр жигүүрлэн зоригжиж 2006 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотын Дотоод хэргийн их сургуулийн докторантурт суралцахаар одож, 2009 онд “Хууль зүйн ухааны доктор”-ын зэрэг хамгаалж ирсэн минь аавдаа өргөж байгаа миний сэтгэлийн бэлэг, номын цагаан суварга байсан юм. Тэгээд 2010 онд цагдаагийн дээд хэргэм цол болох “Цагдаагийн хурандаа” цол хүртэх тэрүүхэн агшинд аав минь харсан ч болоосой хэмээн аавыгаа санагалзаж дотроо таныхаа хүслийг биелүүллээ охин нь хэмээн сэтгэл зүрхэндээ сэмхэн шивнэж байсан.

Цагдаагийн баяраар бараг л гэр бүлээрээ баярладаг уу?

О.Мөнхзул: Тиймээ. Энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн босгон дээр “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагнуулсандаа баяртай байна. Бид гэр бүлээрээ стадионд баяраа тэмдэглээд, дараа нь үр хүүхэдтэйгээ салхинд гарч баярладаг.

Г.Оюунчимэг: энэ бол бидний хувьд улсын наадамтай эн зэрэгцэх баяр. Улаанбаатар хотынхоо Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн баяраа тэмдэглэх шиг баяр, жаргал хаана байх вэ? Үнэхээр сайхаан.

Arslan.mn

Хэрэг илрүүлэх, мөрдөх хугацаанд хөгжилтэй, дурсамжтай явдал тохиолдож байв уу?

О.Мөнхзул: Анх мөрдөн байцаагчаар ажиллаад удаагүй байхад манай хэлтсийн Хөхөө ах: “Мөнхзулаа нэг савхин куртка, дээрэм яриад хоёр сар боллоо. Илрүүлсэн хэрэг байна уу?” гэдэг байж билээ. Одоо бодоход их хөгжилтэй санагддаг. Ер нь мөрдөгч хүний жаргал, бахархал бол өөрийн хариуцсан хэргээ шалгаж дуусаад дараагийн шатанд хүлээлгэж өгөх тэр үе сайхан. Мэдээж дараагийн хэргээ зөрүүлээд л авна л даа. Гэхдээ л хэргээ бүрэн шалгачихаад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийднэ гэдэг бол энэ мэргэжлийг эзэмшсэний сайхан нь.

Г.Оюунчимэг: Дөнгөж мөрдөн байцаагч болчихоод нэг хэрэг мөрдөж байлаа. Хэрэгтэн зугтаад алга болчихсон. Нэгэн өдөр хэрэгтэнээ барьж авчихаад хорих анги хүргэж өгөх гэтэл унаа байдаггүй. Тэр үед улс орон даяараа л хэцүүхэн, ЦБ техник хэрэгсэл тааруухан байсан цаг. Тасгийн ганц машинтай, өөрөөр хэлбэл, 10 мөрдөн байцаагчийн дунд нэг машинтай гэсэн үг, тэр нь хүрэлцэхгүй. Мөрдөн тасгийн дарга нь дэд хурандаа Батчулуун гэж хүн байлаа. Би ч дарга дээр ороод та машинаа өгчих би хүн хорих ангид хүргэж өгчөөд ирье гэлээ дарга маань над руу нэг том харсанаа хэн жолоодох юм гэж байна. Би хэрэгтэний ах нь гэлээ. Тэгэхэд дарга за би чамтай явж хүргэе гээд хүргэж өгсөн юм. Одоо санахаар инээд хүрээд байдаг юм. Би ОХУ-ын Краснодар хотын Их сургууль төгссөн өөрөөр хэлбэл, энгийн сургууль төгссөнөөс дарга цэргийн ялгаа сайн мэдэхгүй, эмээх талаар муу байсан юм. Ажлаа л бүтээх гэж тэр л дээ.

Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Сайхан баярлаарай.

Г.Оюунчимэг, О.Мөнхзул, : Баярлалаа. Танд ажлын амжилт, амьдралд чинь сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: Монголын Үнэн сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх