Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойг тохиолдуулан шилдэг хэсгийн төлөөлөгчдийн нэг Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч Б.Нэргүйтэй ярилцлаа.
-Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Эрэгтэй хүүхдүүд багаасаа л цагдаа эсвэл жолооч болно гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Багаасаа л цагдаа хувцастай хүмүүсийг хараад сайхан санагддаг байлаа. Миний хувьд 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд мэргэжлээ хараахан сонгоогүй байхад ангийн хоёр найз цагдаагийн курст бүртгүүлж, хамт цагдаа болъё гэж хэлээд шалгалт өгөхөд би ганцаараа тэнцсэн. Тэгээд 1996 онд 801 дүгээр ангид цагдаагийн курст орж суралцаж байлаа. Одоо 23 жил цагдаагийн байгууллагад зүтгэж, энэ албаныхаа төлөө бүхий л зүйлээ зориулж явна даа. Би эхээс хоёулаа. Тэгтэл дүү маань бас цагдаа мэргэжлийг эзэмшсэн. Өнөөдөр бид хоёр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болохыг хичээж ажиллаж явна.
-Хэсгийн төлөөлөгчийн ажлын сайхан нь таны бодлоор юу вэ. Ажлын онцлогоосоо сонирхуулахгүй юу?
-Хэсгийн төлөөлөгч гэх алба өөрөө их онцгой. Сумын бүх хүний хүндэтгэлийг хүлээнэ, тулж харьцдаг. Манай тасаг чинь тэндээ л цагдаагийн ерөнхий газар шүү дээ. Бүх юмаа хариуцна. Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт бүх л ажилд оролцоно. Бүх зүйлд бие дааж шийдвэр гаргана.
Голдуу хөдөө ажилладаг учраас малын хулгайг илрүүлэх тал дээр мэргэшдэг гэж хэлж болно. Анх төгсөөд очихдоо адууны зүс, тамгыг ч мэддэггүй байлаа. Харин одоо бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр нэлээд туршлагажсан.
Би бараг өдөр бүр л энэ мэргэжлийг эзэмшсэндээ, эзэн нь болж байгаадаа баяртай, бахархалтай байдаг. Төгсөөд л Төв аймгийн Сэргэлэн суманд хуваарилагдсан. Түүнээс хойш Баянцогт, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Лүн, Архуст гэх сумдад хэсгийн төлөөлөгчийн ажлыг нийт 15 жил хийж өнөөдрийг хүртэл Төв аймагтаа л ажиллаж, амьдарч байна. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал өдөр бүр л бахархах сэтгэл төрнө гэж боддог. Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг дээ.
-Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасаг нь хэр олон хэсэг нэгжийг хариуцаж ажилладаг вэ?
-Цагдаагийн хэсэг байж байгаад 2018 оны гуравдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “тасаг” болон өргөжсөн. Зүүн талын Мөнгөн морьт, Ар хуст, Эрдэнэ гэх сумдыг хариуцсан тасагтай болсон. Тасгийн дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, замын байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа, сумдын хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тасагтай болсноор дуудлага, мэдээлэл дээр түргэн шуурхай очиж, хэргийн газрын үзлэгийг хийх болсон.
-Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд юу байв?
-Энэ оны хувьд Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Цагдаагийн байгууллагаас улс орон даяар зохион байгуулж буй аян, нэгдсэн арга хэмжээнд хамгийн их идэвхтэй хамрагддаг сумдын нэг бол Эрдэнэ сум юм.
Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хуулиа дээдэлье” тэмцээн, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Сэрэмжлэн нэгдье” нэгдсэн арга хэмжээ, хамгийн сүүлд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн замд үйлдэгдэх ослыг бууруулах зорилготой “Яараад яахав дээ” хэсэгчилсэн аяныг сумын хэмжээнд зохион байгууллаа. Манай сумын хувьд зүүн гурван аймгийг холбосон авто зам сумын дундуур дайран өнгөрдөг болохоор “Яараад яахав дээ” аяны мэдээлэх самбар, хурд сааруулагчийг байрлуулж, жолооч нарт мэдээлэл өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус аяны хувьд цаг үеэ олсон, иргэдэд их хэрэгтэй аян болсон гэж харж байгаа.
Үүнээс гадна хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг тул “Туслах малчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Мал ихтэй малчдын хувьд туслах малчин авч ажиллуулдаг. Харин тэдгээр туслах малчны зарим нь гэмт хэрэг үйлдэх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс бид туслах малчдыг бүртгэж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилласан. Манай тасгийн хувьд энэ мэт иргэд, олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх зорилготой олон ажлыг хийдэг. Түүнчлэн манай суманд аялал жуулчлалын олон компани үйл ажиллагаа явуулдаг болохоор тэдэнд хамгаалалтын алба, камертай болгох үүрэг чиглэлийг өгч, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна.
-Таны хувьд энэ албанд зүтгээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Залуу алба хаагчдадаа хандаж хэлэх үг бий юү?
-Цагдаа хүний бахархал бол эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байдагт оршдог гэж боддог. Хэдий чөлөөт цаг бага ч гэсэн залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллаж чадвал энэ албаны үр өгөөж, буян заяа та бүхний амьдралд ч бас ирэх болно. Цагдаагийн алба бол хүний хүсэл, итгэл, сэтгэлээр хийдэг ажил гэдгийг сайн ажиллаж буй энэ олон мянган алба хаагчаас харж болно.
-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу. Таны ажлыг хэр их ойлгож дэмждэг вэ?
-Цагдаа хүний гэргий байна гэдэг жирийн хүний эхнэртэй адилгүй. Их тэвчээр ухаан шаарддаг юм шиг. Миний ханийн хувьд миний мэргэжлийг байнга ойлгож, өдий болтол миний ард байнга л хүч өгч байдаг. Миний хань СУИС-ийг төгссөн. Бид оюутан байхаасаа л үерхэж, одоо гурван хөөрхөн охины аав, ээж болсон байна. Эхнэр маань Эрдэнэ суманд Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай. Ханийн минь хатан ухаан намайг, миний гэр бүлийг өдий зэрэгтэй авч яваа гэж хэлж болно доо. Би чинь анх сургууль төгсөөд л шууд хөдөө орон нутагт ажилласан хүн.
Тэгэхэд намайг дагаад л хэцүүг хэцүү гэлгүй, хатууг хатуу гэлгүй хамт байсан. Энэ дашрамд ханьдаа, хөөрхөн охиддоо хайртай шүү гэж хэлье.
-Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Би цагдаагийн байгууллагын нэг эд эс нь болж ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Энэ албаараа маш их бахархдаг. Ингээд Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, Монгол цагдаагийн баярын 98 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын ахмадууд, дарга нар, мөр зэрэгцэн зүтгэж буй нийт алба хаагчдадаа хүргэе. Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь, цог жавхаа үүрд мандан бадрах болтугай.
Эх сурвалж: Өдрийн сонин