Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч,Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.
Ж.Алтангэрэл нь сэтгүүлч, яруу найрагч, цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаагаас эхлээд хэсгийн байцаагч, рот сумангийн захирагч дарга, “Нүгэл буян” сонины сурвалжлагч, боловсон хүчний ахлах байцаагч зэрэг ажил албыг хашиж, цагдаагийн алба хаагчдын ажил амьдралыг харуулсан олон уран бүтээл туурвисан юм
Танд цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та “Цагдаа” гэх мэргэжилтэй ажил, амьдралаа хэрхэн холбож байсан бэ?
Шарын голын уурхайд 17 нас хүртэлээ ажилласан. Тухайн үед цагдаа форм өмссөн залуучууд их сайхан харагддаг байлаа. Тэгээд багаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байсан болохоор өөрийн эрхгүй энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн. Миний олон найз цэргээс халагдаад цагдаа болсон. Би ч мөн адил цэрэгт яваад дараа нь энэ цагдаа гэх эрхэм мэргэжлийг эзэмшсэн дээ. Мэргэжилдээ дурлаж, шатаж явсан үе зөндөө бий. Миний хувьд энэ халуун ам бүлд багтаж байсандаа бахархаж, баярлаж явдаг. Хүн өөрийгөө тэтгэвэртээ гарчихлаа одоо сайхан амаръя гэж боддоггүй юм байна. Харин ч алба хаагчид руугаа чиглэсэн бага ч болов тустай ажил хийчих юмсан гэж гэгэлзээд байдаг юм байна. Тиймээс энэ “Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбоо”, “Ивээл сан”-г байгуулаад ажиллаж байна.
Саяхан та “Цагдаа хүний хүүхдүүд” шүлгийн цэнгүүн хийсэн. Яг цагдаатай холбоотой хэр их шүлэг, яруу найраг, бүтээл туурвисан бэ?
Миний бие цагдаагийн алдар, гавьяа, үйлс бүтээлийг нь алдаршуулахын тулд өөрийн оюун ухаанаа зарцуулахыг зорьдог. Энэ зорилгодоо хөтлөгдөөд “Монгол цагдаа”, “Цэрэг ямбуу цамц” гэх мэтчилэн цагдаагийн тухай 30 орчим шүлэг, яруу найраг бичсэн.
Сүүлд 2016 онд “Цагдаа хүний хүүхдүүд” гэх шүлгийн номоо ч гаргаж байлаа. Эргээд харахад яруу найраг, утга зохиолын ертөнцөд 400 гаруй шүлэг тэрлэж, 4 ном өлгийдөн авсан байна.
Тиймээс өөрийн шүлгээ мөрдөст ахан дүүстээ сонордуулахсан гэх гэгээн хүсэл минь биелэлээ олж өнгөрсөн зургаадугаар сард “Цагдаа хүний хүүхдүүд” шүлгийн цэнгүүнээ хийсэн. Шүлгийн цэнгүүн маань үзэгчид арвинтай сайхан болж өндөрлөсөн. Ид хийж бүтээхийн хүслэн болсон шижигнэсэн залуучууд миний шүлгийг сонсоод урам зориг, ухаарал авсан байх гэж бодож сууна. Цагдаагийн байгууллагад ажиллаж, цагдаа ахан, дүүсийнхээ тухай бичих хувь надад тэнгэрээс оноосон гэж би бэлэгшээж явдаг даа.
Таны бодлоор энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
Хариуцсан хэргээ илрүүлчихээд нэг сайхан сэтгэл амраад л гэртээ ирээд ханийнхаа хийсэн хоолыг халаагаад идээд суух тэрхэн мөч их сайхан.
Бүхэл бүтэн хэргийн ард гарна гэдэг бол цагдаа хүний ур ухаан, чадвар, туршлага, сэтгэл зүтгэл шаардсан даваа байдаг. Энэ мэргэжлийг хүн дурлаж хийдэг болохоос нэр төдий, албан шахалтаар хийнэ гэж байхгүй. Цэрэг, цагдаа хүний сүр жавхаа цол, хэргэм зэрэгтээ биш хүнийг хүндлэх сэтгэлд оршдог гэж боддог. Дүрэмт хувцасаа сайхан өмсөж, тэвхийтэл ёслоод, гялалзтал алхаж яваа алба хаагчид одоо ч сайхан, хүндэлмээр харагддаг. Ер нь л зөв, сайхан хашиж чадвал хүний хүндлэл, хайрыг хүлээдэг буянтай ажил.
…Хүннү гүрний галыг тахисан
Ханат гэрийн эзэд юм
Хүний эрхийн хил манасан
Хаан төрийн сүлд юм
Төрийн сүүдэрт жинддэг
Зулын хоосон цөгц биш
Төрийг төлөөлж эвлэлдсэн
Засаг хуулийн цэгц юм Энэ цагдаа нар …./Цагдаад өргөх шүлгийн хэсгээс/
Та “Цагдаагийн ар гэрийнхэний холбоо”-г яагаад байгуулах болсон бэ?
Цагдаагийн алба хаагчид нийгэмд өнцөгдүүхэн байдаг. Ард иргэд, гэмт хэрэгтнүүдэд өөлөгддөг, гоочлогддог тохиолдолууд гардаг. Ажлаа хийж яваад амь насаа алдах тохиолдол ч гарна. Тиймээс ажлаа хийж яваад амь насаа алдсан алба хаагчдын судалгааг гаргаж, тэднийг эргэн дурсаж, үлдсэн ар гэр, үр хүүхдүүдэд нь багахан ч гэсэн тус дэм больё гэж зорьсон. Тиймээс холбоогоо 2006 оны тавдугаар сарын 8-ны өдөр байгуулаад тасралтгүй ажиллаж байна.
Цагдаагийн алба хаагчид маань халуунд халж, хүйтэнд хөрж, хамаг л хүнд хэцүү ажлыг ар гэрээ ч умартан нугалж явдаг хүмүүс. Тэдний ажиллах нөхцөл, хангамжийг сайжруулах хэрэгтэй гэж бодож явдаг учраас энэ төрлийн ажлыг бас хийе гээд сүүлийн үед “Ивээл сан”-г байгуулаад явж байна.
“Ивээл” сангийнхаа тухай жаахан дэлгэрүүлбэл?
“Ивээл” сангаар дамжуулан алба хаагчдад хүнд өвчин, зовлон жаргал, гэнэтийн осол аваар, тохиолдсон үед бага ч болов хандив, тусламжийг цуглуулан ар гэрийнхэнд нь хүргэх зорилготой юм.
Энэхүү сангаа яаж бүрдүүлэх талаар одоохондоо яригдаж байна. Санхүүжүүлэх гарц, гаргалгааг нь мөн хайгаад, судлаад явж байна. Хэрэв энэ ажил болж чадвал цагдаагийн алба хаагчдад багагүй дэмжлэг болох юм. Ирэх намар өөрийн шүлгийн цэнгүүнээ дахиад хийх бодолтой байна. Уг цэнгүүнээс орох орлогыг “Ивээл” сангийнхаа санхүүжилт рүү оруулах төлөвлөгөөтэй байна. Ер нь хийе, бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэл байхад болохгүй зүйл байхгүй. Дашрамд манай холбоо, сангийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж ажиллаж буй Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд, нийт алба хаагчиддаа талархаснаа илэрхийлмээр байна. Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиож байна. Монголын аюулгүй байдлын төлөө нүдээ ч цавчилгүй манаж яваа нийт алба хаагчид, үе үеийн алдар гавъяатнууд, удирдлагууддаа чин сэтгэлээсээ ойн баярын мэнд хүргэе.
Дараагийн шинэ уран бүтээл хэзээ гарах вэ?
Дараагийн шинэ бүтээл болох “Цэргийн бор цамц” хэмээх номоо гаргахыг зорьж байна. Үүнээс гадна чөлөөнд байгаа ахмадуудыг дуурсах, алдрыг мөнхлөх зорилгоор цомог гаргаж эхэлсэн. Хамгийн анхных нь хэлтсийн ахмад ажилтан Т.Баттөрийн амьдрал, замналыг харуулсан “Тулаанч эрхэм” цомгийг бэлэн болгосон. Одоо дараагийн ахмад ажилтныг сонгон ажиллаж байна. Би ер нь хүн зүгээр сууж хэрхэвч болохгүй л гэж боддог хүн. Цагдаагийн түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үзэгч олондоо өөрийн “Монгол цагдаа” шүлгээ өргөн барья.
МОНГОЛ ЦАГДАА
Амьжиргаа залгах гэж
Амин зуулгаа ольё гэж
Ард олондоо
Амар тайвныг өгье гэж
Хоногтоо хоёр эгшиглэдэг
Сүлдэн дунд гадаа явж
Хорвоогийн наран дороос
Сүүдэр үргээлцэж яваа Би эгэл нэг цагдаа
Эзгүй айлын цоожийг
Нарны гортиг дунд эргэж
Эсгийн үүдтэй дээдсийнхээ
Хулгайчгүй байсанд атаархаж
Өвсний шүүдэр сандаачин
Шувууд цочиход сэрхийж
Үймсэн оддоос нэг нь
Цойлоод харвахад хар бууж
Зах энгүй тэнгэр
Сараа нуухад нь ганцаардаж
Захын гэр хороололд
Гэрэл тасрахад цухалдаж
Зовлонг мартсан нэгнийх нь
Хөлчүү үгийг дааж
Золгүй үрэгдсэн нэгнийх нь
Хөрсөн цогцсыг хөндөж
Ухаангүй нэгий нь үүрч
Цамцаа нэвт хөлөрч
Уулган нэгэнд нь заамдуулж
Соёомботой товчоо тасдуулж
Түрэгний тэрэгнээс бусдад нь
Гар өргөн царайчилж
Төрийн сүлдтэй малгайдаа
Унааны тэнгэрээ даатгадаг
Ханийнхаа нойрыг хагаслан
Шөнө дундалж харьдаг ч
Харанхуй дундаас гэрэлтэх
Тооноо хараад баярладаг БИ ЭГЭЛ НЭГ ЦАГДАА
Амгалан байхын хүслээ
Цацал болгондоо даатгадаг ч
Айдсын сэрүүлэг чангалан
Бие биеэсээ эмээсэн
Адууны тэнгэрээ гээж
Сүлдээ эзгүйлж явгарсан
Ард түмний чинь нэг ЭГЭЛ НЭГ ЦАГДАА
Тоононы цамхраанд зангидсан
Хадаг болгондоо сүсэглэдэг ч
Тумбааш залсан эвээ
Хатавчинд гээсэндээ шимширдэг
Эрин цагийн салхин дахь
Хагссан хуурын хөг
Энэ төрийн нүүрэн дэх Монгол цагдаагийн нэг ээ
Ярилцсанд баярлалаа.