Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 07 сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан, бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн 8 нь зорчигч хэлбэрээр, 4 нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.
Ноцтой осол хэргийн талаар:
2019.07.11-ний өглөө 04:50 цагийн үед БЗД-ийн 22-р хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд амины Toyota Prius маркийн автомашины жолооч П /32н/эрэгтэй/ нь явган зорчигч Б /30настай.эмэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.07.11-ний 02 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сум “Баяндөхөм” гэх газар /аймгийн төвөөс урагшаа 20км/ шороон замд амины Hyundai Porter автомашины жолооч А нь амины Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барсан:
2019.07.11-ний 21.30 цагийн орчим Дорноговь аймаг Айраг сум “64-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урагш 10км/ асфальтан замд амины Toyota Premio автомашины жолооч Н /19н/ эрэгтэй/ нь амины Dayun маркийн улсын дугааргүй Б /23н/эрэгтэй/ жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч С /24настай.эрэгтэй/ нас барсан
2019.07.11-ний 18.50 цагийн орчим Ховд аймаг Алтай сум “Цагдуултай бураат” гэх газар /сумын төвөөс урагш 60км/ шороон замд амины УАЗ-31512 автомашин онхолдож, жолооч Т /61настай.эрэгтэй/ нас барсан
2019.07.12-ны 09.20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг “Овоот” гэх газар /Сумын төвөөс урагш 18км-т/ асфальтан замд Toyota Corolla маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /21настай.эмэгтэй/, Ч /5настай.эрэгтэй/, С /10настай.эмэгтэй/ нарын 3 хүн нас барж, жолооч Э /30настай.эмэгтэй/, зорчигч Э /28настай.эмэгтэй/, Т /26настай.эрэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн
2019.07.13-ны 06.03 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 14км/ шороон замд Toyota Prius маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан О /07сартай.эмэгтэй/, С /06сартай.эмэгтэй/ нарын 2 хүүхэд нас барж, С /3настай.эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, З /21настай,эмэгтэй/, нарын 3 хүн гэмтсэн
2019.07.14-ний 12:45 цагийн орчим ЧД-ийн 16-р хороо Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд амины Lexus LX470 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Н /1нас 6сартай.эрэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон.
2019.07.14-ний 20.30 цагийн орчим Архангай аймаг Тариат сум “Далай толгой” гэх газар /сумын төвөөс урагш 33км/ асфальтан замд Toyota Axio маркийн автомашин онхолдож, жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барж, зорчигч У /26настай.эрэгтэй/ гэмтсэн
2019.07.14-ний 17.15 цагийн орчим Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ асфальтан замд Honda Crossroad автомашины жолооч Х нь, Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Х /29настай.эмэгтэй/ нас барсан
Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байлаа.