Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Цагааны Дүүдээг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа.
Тэрээр 1930 онд төрсөн. Улсад 41 жил, архивын салбарт тасралтгүй 32 жил ажилласан манай тэргүүний ахмад ажилтнуудын нэг юм.
Монголын ард түмний дахин давтагдашгүй түүх, соёлын үнэт өв архивын баримтыг хадгалан хамгаалах, хуулбарлаж хамгаалалтын хувь бэлтгэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажилд хоёргүй сэтгэлээр ур, ухаанаа зориулан ажилласан Цагааны Дүүдээд “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдсанд Архивын ерөнхий газрын хамт олноос халуун баяр хүргэе.