Монголын улаан загалмай нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагыг “Алтан гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, гамшигт өртсөн иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нөхөн сэргээх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, сайн дурын ажилтнуудын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулж, баяр хүргэн үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Монголын улаан загалмай нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид, энд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, ахмад буурлууд, хүүхэд залуучууд Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэе.
Хүмүүнлэг үйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, энх тайвныг дэмжих, гамшгийн аюулд өртсөн иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалах, эмзэг байдлыг бууруулахын төлөө тууштай, идэвхтэй ажилладаг олон улсын Улаан Загалмайчдад талархал, хүндэтгэл илэрхийлж байна.
“Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай” хуулийг 2016 онд Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан. Энэ хуулиар Монголын улаан загалмай нийгэмлэгийн статусыг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон хуульчилж, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг нь тодорхойлсон юм.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа сайжирч, гамшгийн үед хариу авах арга хэмжээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүмүүнлэгийн үйлсээрээ улс орны эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 80 жилийн турш онцгой хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа баяртай байна.
Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр илүү өргөн хүрээтэй ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхэнд баяр хүргэж, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай” гэлээ.