Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчигчдын хэчнээн нь ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болох мөн хаанаас хаашаа, аль чиглэлд илүү зорчдог зэрэг мэдээллийн бааз бий болдог. Тухайлбал, Улаанбаатар хотод өдөр бүр 700-900 мянган иргэн смарт карт ашиглан нийтийн тээврээр зорчдог аж. Эдгээр болон бусад дата мэдээллийг албажуулж, нийслэлийн нийтийн тээврийн бодлого, шийдвэрт ашиглах боломжтой.
Үүний тулд Үндэсний статистикийн хорооны тээврийн салбарын мэдээлэлд нэгтгэж, албан ёсны статистик гаргах талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үр дүнд эхний байдлаар тээврийн салбарын статистикт сар бүр нийтийн тээврээр зорчсон иргэдийн тоон мэдээллийг гаргахаар боллоо.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор “Манай байгууллагад хаанаас аль хүртэл иргэд хамгийн их зорчдог, аль чиглэл илүү их хүнтэй, ачаалалтай байдаг, зорчигчдын хэчнээн нь ахмад настан, хүүхэд, оюутан зэрэг тоон мэдээллүүд бий. Эдгээрийг нийтийн тээврийн бодлогод ашиглан аль чиглэлд автобус нэмэх, хасах, ачааллыг зохицуулах зэргээр ашиглах бүрэн боломжтой. Гагцхүү албан ёсны тоон мэдээлэл гаргахын тулд танай байгууллагатай хамтран ажиллах шаардлага бий болж байна” гэв.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажиллах саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, хоёр тал гарах боломжтой тоон мэдээллийн албан ёсны аргачлалыг боловсруулан Даргын зөвлөлийн хурлаар батлуулж, цаашид тогтмол мэдээлэх боломжтойг илэрхийллээ.