Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд тус нийгэмлэгээс нийслэлийн хүмүүнлэгийн үйлсээр манлайлагчдыг алдаршуулах ёслол өнөөдөр боллоо.
МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ёслолыг нээж үг хэлсэн. Тэрбээр, Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулж, үеийн үед хөгжүүлж ирсэн нийслэлийн төр захиргааны байгууллага, ахмад үе, гишүүд болон сайн дурынхан, гадаад, дотоодын түншүүддээ талархал илэрхийлэв. Мөн цаашдаа үндэсний хэмжээнд манлайлж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад хичээж ажиллахаа илэрхийлсэн.
Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчдыг алдаршуулах ёслолыг нийслэлийн зургаан дүүрэг хамтран зохион байгуулсан юм. Энэхүү ёслолд “Энэрэнгүй үйлстэн”, “Тусч хүү”, “Нигүүсэл”, “Манлайлагч донор” зэрэг найман номинациар хүмүүнлэгийн үйлсээр манлайлан ажилласан 48 хувь хүн болон Сонгинохайрхан дүүргийн Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль, Сүхбаатар дүүргийн Т.Мөнхдорж даргатай Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Л.Насанцэнгэл даргатай “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг албан байгууллагыг шалгаруулж, шагнасан юм.
Энэ үеэр, “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч донор” номинациар шагнагдсан “Монголын донорын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Туяатай ярилцахад, “Би хүндэт донор бөгөөд 12 жилийн турш хүмүүнлэгийн үйлсэд байнга оролцож, бие, сэтгэлээрээ туслахыг хичээж байна. Миний энэ өчүүхэн зүтгэлийг үнэлсэнд таатай байна. Нэг удаа цусаа хандивлахад, гурван хүний эрдэнэт амийг авардаг гэдэг. Бусдад өөрийн чадах зүйлээрээ тусалж, буян үйлдэж байна гэж боддог юм. Тиймээс хүмүүнлэгийн үйлсэд хүн бүхэн чин сэтгэлээсээ оролцож байгаасай гэж хүсэж байна” хэмээв.
Мөн үеэр “Тусч хүү” номинацид шагнал гардсан Сонгинохайран дүүргийн өсвөрийн Улаан загалмай хөдөлгөөний ахлагч М. Мөнхцэнгэлтэй ярилцсан юм.
-МУЗН-д элсээд хэр удаж байна вэ?
-Би 17 настай. МУЗН-д элсээд хоёр жил болж байна.
-Яагаад Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн болохоор шийдсэн юм бэ?
-Би бусдын төлөө зүрх сэтгэлтэй байхыг эрмэлздэг. Улаан загалмайн нийгэмлэг бол сайн үйлсийг бусдад уриалж, сайн үйлс хийдэг. Би ирээдүйд НҮБ-д ажиллах мөрөөдөлтэй. Харин Улаан загалмайн нийгэмлэг энэ мөрөөдлөө биелүүлхэд минь суурь болно гэдэгт итгэдэг.
-Өсвөрийн Улаан загалмайн хүүхдүүдийн хийж байсан сайн үйлсийн аянаас онцолбол?
-Бид зорилтот бүлгийн хүүхдэд тусалж, шинэ жилээр бэлэг өгдөг. Мөн цахим орчныг зөв ашиглахыг уриалж олон төрлийн сургалт зохион байгуулдаг.
-Өсвөр үеийн хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Өсвөрийн Улаан загалмайд 6-17 насны хүүхдүүд байдаг. Хүүхэд бүрт манай нийгэмлэгийн үүд хаалга нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна.
Хүндэтгэлийн ёслолд Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, УИХ-ийн гишүүн, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямбаатар, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУГЖ, Сонгинохайран дүүргийн Улаан загалмайн хороо /УЗХ/-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Галсантогтох, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Цусны төвийн дарга Н.Эрдэнэбаяр мөн нийслэл, дүүргийн Улаан Загалмайн хорооны тэргүүд болон хүмүүнлэгийн үйлстнүүд оролцлоо.
МУЗН нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоонд 1959 онд 84 дэх гишүүнээр элссэн билээ. Өдгөө УИХ-аас баталсан Эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж идэвхтэй ажиллаж байна.