ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

2019 оны 06-р сарын 05 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5503

ХХААХҮ-н сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Заяа нар ажиллав.

Айлчлалын эхний өдөр ХХААХҮ-н сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны зөвлөх сайд Рэн Хунбин, ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч Ай Лихуа нар “Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр салбарын сайд хэлсэн үгэндээ “Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн олон улсын форум зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг дангаараа хангаж байгаагийн хувьд энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоорондоо өрсөлдөх биш цаашид хамтран дэлхийн зах зээлийг үр дүнтэй ашиглах шаардлагатай” тухай онцолж байв.

БНХАУ-ын Худалдааны зөвлөх сайд хийсэн мэдээлэлдээ “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам санаачилга”-ыг “Хөгжлийн зам” төсөлтэй уялдуулан Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэн цаашид харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад үргэлжлүүлэн идэвхтэй дэмжлэг үзүүлэн, хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэж хөгжүүлэхэд хамтран ажиллах”-аа илэрхийлэв. ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүн Ай Лихуа арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын явц, ерөнхий удирдамжийг сэтгүүлчдэд танилцуулав.

ХХААХҮ-н сайд Ч.Улаан БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын дэд сайд Чү Дунюү тэргүүтэй тус яамны удирдлагуудтай уулзаж хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын 7 дугаар хурлыг энэ 7 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн мал эмнэлэг, малын удмын сан, сүү, махны эрчимжсэн мал аж ахуй, органик хүнсний баталгаажуулалт, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж НҮБ-ын Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны санхүүжилтээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тохиролцов.

Монгол Улсын төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дэд сайд Ван Линжүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж 2019 онд Монгол Улсаас БНХАУ руу экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүн, адууны дайвар бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэргийг нийлүүлэх мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн нөхцөлийг шуурхай тохирч, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхээр санал нэгдэв. Мөн Монгол Улсын баруун бүсийн 5 аймгийн салаа туурайтан малын маханд тавьсан экспортын түр хоригийг цуцлахад хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан газрууд идэвхтэй хамтран ажиллаж, техникийн хамтын ажиллагааг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн цаашид эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэхэд Монгол Улс, БНХАУ-ын хяналт, хорио цээр, гаалийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.

Айлчлалын төгсгөлд ХХААХҮ-н сайд Ч.Улаан БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань-тай хоёр талт уулзалт хийж цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлж 2020 онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилгыг биелүүлэхэд ХАА-н салбар чухал үүрэг гүйцэтгэх тухай санал солилцов.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх