Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 1-2-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна.
Тухайлбал, зургадугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын зам, Могойн дэнж гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр настай охин Э-г мөргөж гэмтээжээ.
Зургадугаар сарын 2-ны өдрийн 23:05 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын дөрвөн хүн гэмтсэн,
Зургадугаар сарын 3-ны шөнийн 01:54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тавдугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч найман настай Ж гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.