Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.05.30/ ОУПХ /Олон улсын парламентын холбоо/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалтан дээр таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол Улсын Их Хурал, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна.
Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж байгаа зорилт, байгалийн гамшигийн эсрэг улс орнууд хамтарч тэмцэх зэрэг тунхаг бичигт тусгагдсан асуудлыг ажил болгоход цаашдаа идэвх гаргаж ажиллах ёстой. Монгол Улсын Их Хурал үүнд анхаарал тавьж ажиллана.
Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг амжилттай болгохын тулд Чуулганыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан анхаарал тавьсныг дурьдах нь зүйтэй.
Мөн ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын холбогдолтой асуудлаар ажилладаг байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Учрал, Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь Олон улсын парламентын байгууллагад Монголын парламент ихээхэн идэвх чармайлттай ажиллаж буйн илэрхийлэл юм. Өмнө нь манай улсын парламентчдаас ийнхүү гурван хүн Олон улсын парламентын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр нь ажилласан удаа байхгүй.
ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шинэ удирдлагууд ирэх долоо хоногт манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах асуудалд анхаарал тавьж ажиллахаар манай улсад ирж байгаад талархаж байна.
Цаашдаа ОУПХ-ноос зохион байгуулах бүх арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал идэвхтэй байр сууринаас оролцоход УИХ-ын гишүүний хувьд бүхий л боломж, бололцоогоо дайчилж ажиллана” гэв.
Хариуд нь ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас, “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Монгол Улсад маш амжилттай болсон. Миний хувьд шилдэг арга хэмжээнүүдийн нэг байлаа. ОУПХ аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүн хоорондын харилцааг чухалчилж, найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм байна гэдгийг Улаанбаатарт болсон энэ арга хэмжээнээс харлаа. Энэ сайхан жишгийг цаашид Ази, Номхон далайн орнууд гэлтгүй, ОУПХ-ны гишүүн орнуудын түвшинд ч хэрэгжүүлэх ёстой юм” гээд ОУПХ, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг тайлбарлаж хэлсэнд талархлаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн, Монголын парламент ОУПХ-д гишүүнээр элсээд 60 орчим жил болсон ч сүүлийн жил гаруйн хугацаанд ОУПХ-ны үйл ажиллагаанд онцгой идэвх чармайлт гарган оролцож буй нь таны Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Цаашид идэвхтэй байгаа гишүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлж ажиллаасай гэж тэмдэглэлээ.
Тэрбээр мөн, ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаас ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Монголын төлөөлөгчид дэмжиж ажилласныг хэзээ ч мартахгүй, санаж явдаг хэмээн талархлаа илэрхийлээд “Монгол Мексик хоёр улс газарзүйн хувьд хол байрлалтай, өндөр хэмжээнд хамтын ажиллагаа хөгжөөгүй ч та бүхний намайг дэмжсэн тэрхүү явдал бие биедээ итгэсэн итгэлийн илэрхийлэл болсон хэмээлээ.
Хатагтай Габриела Куэвас, ирэх зургаадугаар сарын 5-8-ны хооронд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монголд ажиллахдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахыг тэмдэглэв.
Талууд энэхүү уулзалтаар Монгол-Мексик /Латин Америк/ хоёр улсын парламент хоорондын бүлгүүдийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах талаараа санал солилцсон.
Хатагтай Габриела Куэвас “Монгол надад маш их тааладдаг, гайхамшигтай сайхан орон. Монголыг Мексикт таниулахын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гээд “Мексикийн парламентын гишүүний хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар Мексихийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдад зориуд цохон тэмдэглэж хэлнэ. Цаашид манай хоёр орон бие биенээ харилцан дэмжиж, хөгжих боломж байгаа гэж бодож байна” хэмээв.
УИХ-ын гишүүн М.Энхболд хатагтай Габриела Куэваст ажлын амжилт хүсээд, Монголд дахин айлчлахыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.