Цэц нөхөн сонгуулийг дахиад л болиуллаа, хэний захиалга байв

2019 оны 05-р сарын 27 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hentii

Үндсэн хуулийн Цэц дахиад л улстөрийн захиалга гүйцэтгэлээ.  Өмнө нь 2018 оны наймдугаар сард Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргахдаа  төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгож байсан билээ. Ингэснээрээ 2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, нөхөн сонгууль явуулах хугацаа автоматаар энэ оны зургадугаар сарлуу шилжсэн юм. (Сонгуулийн тухай хуулийн 20-ийн 1. Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана) Гэтэл одоо дахиад л Цэцийн шийдвэрээр энэ нөхөн сонгууль явагдах боломжгүй боллоо.

Улс төрийн нөхцөл байдалд хийсэн ажиглагчдын дүгнэж буйгаар энэ удаагийнх АН-ын захиалгатай байсан хэмээн үзэж байна. Учир нь энэ удаагийн гомдол гаргагч иргэн Д.Ганхуягийн өргөдөл нь  АН-ын талаас шууд хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотой явагдсан  хэмээн хардах бүрэн үндэслэлтэй байгаа аж. Судлаач гэдгээрээ олон нийтэд танигдсан Д.Ганхуяг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх  Г.Уянгын гэр бүлийн найз бөгөөд улс төрийн байр суурь нь нэг явдаг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөх Г.Уянгаар дамжуулан иргэн Д.Ганхуягаар энэхүү өргөдлийг Цэцэд гаргуулан улс төрийн захиалга явууллаа хэмээн хардаж буй аж. Өөрөөр хэлбэл АН-аас нэр дэвшин Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга хуулийн дагуу намаасаа түтгэлзсэн ч 2020 оны том улс төрийн сонгуулийн өмнө АН-аа аврахын тулд ийм арга хэрэглэсэн гэж үзэж болох талтай.

Учир нь АН дотроо хэдэн хэсэгт талцан хуваагдаж, намын дарга С.Эрдэнийг огцруулах хэмжээнд түнжин хагарсан үед Хэнтийд нөхөн сонгуулийг явуулах нь АН-ын хувьд ч,  С.Эрдэнийн хувьд  том эрсдэл дагуулах нь нэгэнт тодорхой байсан. Сантмарал болон улс төрийн намуудын өөрсдийнх нь явуулсан сүүлийн үеийн судалгаагаар АН болон намын дарга С.Эрдэнийн рейтинг түүхэнд байгаагүй доод түвшинд хүрсэн. Аль альных нь судалгаагаар нөхөн сонгууль энэ удаад явагдсан бол гарцаагүй МАН –д ашигтай болох байсан. Намын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр УЗ дээр тохирсон нь хөзрийн тамга МАН-ын талд байсныг батлана. Тийм ч учраас цаг хугацааны хувьд МАН  нэр дэвшигчээ тодруулахаас нэг өдрийн өмнө Цэц хуралдаж ийм шийдвэр гаргасан нь тохиолдол биш л байсан болов уу?

Гэхдээ нөгөө талаас эерэгээр  харвал Цэцийн энэ удаагийн шийдвэр улс төрийн захиалгатай байсан ч, Ерөнхийлөгч Баттулгын оролцоотой байсан ч улс оронд, татвар төлөгчдийн талд ашигтай хэмээн олон нийт үзэж байгаа. Учир нь Засгийн газрын нөөцөөс гарч буй 287 сая төгрөгөөр  ганц хүнд хэдхэн сар УИХ-ын гишүүн гэх тэмдгийг зүүлгэхийн тулд салхинд хийсгэхээс хамгаалж чадлаа.

Мөн өрсөлдөхөө мэдэгдээд байсан 11 намын хэдхэн сарын настай нөхөн сонгуульд цацах хэдэн арван сая төгрөгийг нь хэмнэж чадлаа.

Магадгүй энэ сонгууль явагдаад хэн нь ч ялсан тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй байсан юм.

У.Хүрэлсүх яллаа гээд МАН-ын суудлын тоо нэгээр нэмэгдэж 64+1 болоод чанарын ялгаа гарах байсан гэж үү. Магадгүй Ж.Оюунбаатар  ялсан ч УИХ-д бүлэггүй болсон АН-ынханд бүлэг байгуулах хүч нэмэх байсан уу. Энэ сонгуульд хамгийн их горьдлого тээж, тэчьяадан бэлтгэж байсан Н.Энхбаяр ч УИХ-д хэдхэн сар орж суулаа гээд О.Баасанхүүтэйгээ нэгдмэл байж чадахгүй л байсан болов уу. Энэ бүхнээс үүдээд Үндсэн хуулийн Цэц нөхөн сонгуулийг болиулж, АН-ын захиалгыг биелүүлсэн байж болох ч харин энэ нь ард түмэнд ашигтайгаар туслаа.  Гэхдээ Цэцийн энэ шийдвэрийг УИХ хүлээж авах уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.168.8..***)
    2019/05/28 12:30

    нам,сонгууль,авилга,албан тушаалын наймаа,худлаа гүтгэлэг эдгээрээс ч үнэнхүү залхж байнадаа,хойт насандаа ийм юмгүй газар төрдөг арга чарга байна уу?үгүй юу?болохгүй бол адгуусч болсон хамаагүй болж төрөх юмсан

    (0) (0)