МАХН-ын бага чуулган өнөөдөр /05.24/ болж, Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулав. Бага чуулганы гишүүдийн үнэмлэхүй олонхи энэ сонгуульд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэн юм. Чуулганы үеэр нэр дэвшигч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Манай нам хуулийн дагуу ажилладаг. Хуулиараа тавдугаар сарын 24-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах учиртай. Энэ дагуу МАХН-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд гишүүнээ нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр бага чуулганы салбар хуралдаан амжилттай хуралдаж, ардчилсан зарчмаар нэр дэвшигчээ тодрууллаа.
-Надад итгэл хүлээлгэж, МАХН-аас нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон гишүүддээ баярлалаа. 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой нийгэмд янз бүрийн байр суурь яригдаж байна. Эрх баригчид маань энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Итгэлийг нь даагаагүй шүү дээ гэдгээ мэдэж байгаа. Тийм учраас энэ сонгуулийг удаа дараа хойшлуулж байна. Одоо ч гэсэн Үндсэн хуулийн цэцийг оролцуулан сонгуулийн үйл ажиллагааг зогсоохоор бэлтгэл ажлаа хийж байгаа нь үнэн.
-Хамгийн наад захын жишээ гэвэл уг нь энэ асуудал цэцийн хэлэлцэх асуудал биш юм. Гэтэл зориуд хэрэг үүсгэж хэлэлцэж байна. Үүнээс харахад Цэц захиа даалгавраар ажиллаж эхэлсэн нь харагдаж байна. Гэхдээ бид Хэнтий аймгийн сонгогчдын эрхийг хүндэтгэж цэцийн шийдвэр хүлээхгүйгээр нэр дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж би үзэж байна.
-Дараагийн нэг хэсэг нь дэндүү богинохон хугацаа үлдсэн байна. Тийм учраас энэ сонгууль хэрэг байна уу, үгүй юу гэж ярьж байна. Бид үүнийг бас л бодсон. Хэнтийн сонгогчид маань бид жинхэнэ ардчилсан оронд амьдарч байгаа бол өөрийнхөө төлөөллийн хүнийг УИХ-д илгээж, дуу хоолойгоо УИХ-д хүргэхийн төлөө эрхээ эдлэх ёстой. Бид хоёр жил эрх баригчдын явуургүй бодлын уршгаар энэ эрхээ эдэлж чадсангүй. Үлдсэн хугацаанд эрхээ эдэлмээр байна. Төр засаг бидний санаа бодлыг сонсох ёстой. Тийм учраас төлөөллийнхөө хүнийг хурдан сонгоё гэсэн саналуудыг хэлж байна. Бид ард түмнийхээ саналыг хүндэтгэн үзэж байна.
-МАН бол сонгуульд аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Очоод тэрбум тэрбумаар мөнгө амласан. Мөнгө төгрөгөө тарааж эхэлсэн. Хэнтийн сонгогчид маань хулгайн мөнгийг аваад адилхан хулгайч болох уу үгүй юу гэдгээ эргэцүүлэн бодож тэр мөнгийг нь авсан ч гэсэн шударгаар саналаа өгнө гэдэгт итгэж байна. Хулгайн мөнгөөр явуулсан сонгууль бүхэн Монголын ард түмний амьдралыг доройтуулсан. Ийм гашуун түүх бидэнд бий учраас сонгогчид маань ухаантай учраас тэдэнд найдаж байна.
-МАН, АН бол луйвраар ялна. Тийм учраас энэ удаа шударга сонгууль хийж шударгаар ялъя гэж өрсөлдөж байна. Мэдээж амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүү вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдэрсэн. Ялчихаад байхад ялагдуулж худлаа дүн танилцуулсныг монголчууд мартаагүй. Хэнтийчүүд 42 дугаар тойргийн сонгогчид тухайн үед С.Ганбаатарт саналаа өгч ялуулсан. Одоо Хэнтийчүүд маань бас бодож байгаа. Та нар луйварддаг юм бол бид одоо шударгаар ялж болно гэдэг сэтгэл нь хэвээрээ байгаа болов уу гэж найдаж байна.
-Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд бүгдээрээ шударгаар өрсөлдөж үзье. 2016 оны сонгуульд ард түмэн МАН-д итгэсэн. Гэсэн ч итгэлээ алдсан. Одоо юу ч яриад ямар ч тогосны өд хатгаад ард түмэн хууртахаа больсон.
-АН маань 2016 онд ард түмний итгэлийг алдчихаад түүнийгээ сэргээж чадахгүй байна. Ард түмэнд ямар нэгэн итгэх хүн, итгэх нам хэрэгтэй байна. Тэгвэл итгэлийг нь дааж чадах хүчин бол МАХН. Итгэлийг дааж чадах хүн бол МАХН-ын нэр дэвшигч байх ёстой гэж бодож байна. Хэнтийчүүддээ хандаж хэлэхэд МАХН та бүхний итгэлийг даана. МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр та бүхний итгэлийг даах шиг даана гэж хэлмээр байна.
-Та нарынхаа итгэл найдвараар би Их өрийн хэлэлцээрийг явуулж амжилттай тэглэж байсан. Та нартайгаа хамт Мянганы зам төслийг хэрэгжүүлж, Баян-Өлгийгөөс Улаанбаатар- Хэнтий- Дорнод гээд хар замаар холбож, одоо ч энэ ажил маань амжилттай үргэлжилж байна. Хүүхдүүдээ бодож, Үдийн цай хөтөлбөрийг санаачлан боловсруулж, хийсэн. Энэ бүхнийг би ганцаараа хийгээгүй. Та бүхэн надад итгэсэн, би тэр итгэлийг зүтгэлээр хариулсан. Одоо сонгогчдынхоо итгэлийг сэргээе. Сэргээхийн төлөө зүтгэж чадна. Монгол Улс мандтугай. Хэнтийн сонгогчид мандтугай.