Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга: Монгол гэр бүл улам батжин, бэхжих болтугай”

2019 оны 05-р сарын 22 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60718630_826932874347036_364783044306927616_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

Энэ зөвлөгөөнийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулсан юм. Зохион байгуулагчдын зүгээс гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой зөвлөгөөнийг зохион байгуулсан гэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХҮНИЙ ЭРХИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Г.УЯНГА ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР:

“Бид маш их хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сүүлдээ ийм арга хэмжээнд оролцохоосоо санаа зовж ичих юм. Хуралдаж семинардахгүйгээр ажил хийж болохоо больсон нь энэ нийгмийн нэг эмгэнэлт дүр зураг болжээ. Өөрсдөө асуудлаа мэдэж байгаа хирнээ өөрсдөө хуралдаж, асуудлаа өөрсдөдөө баталж, өөрсдөдөө зөвлөмж гаргах шаардлагагүй юм.

Бидэнд нотлох шаардлаггүй баримтууд өдөр бүхэн тохиолдож байна. Өдөр бүхэн дор хаяж нэг хүүхэд хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийллийн золиос болж хүүхдүүд амиа алдаж байна. Үүнийг семинардаж нотлох шаардлагагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдийг хүлээж авч уулзахдаа хүүхэд өдөр бүхэн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлын шийдлийг нэн яаралтай гаргах талаар ярилцсан. Нялх балчир хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгч харгис хэрцгий этгээдүүдэд төрийн хуулийн хатуу цааз оноох нь шударга ёсонд нийцэх төдийгүй нийгэмд эмх журмыг сахиулж ёс суртахуун, зүй зохист хэм хэмжээг бий болгох нэг арга хэрэгсэл мөн. Асуудал юунаас болов, яагаад ийм харгис гэмт хэрэг өдөр алгасахгүй гарах болов гэдэгт анхаарлаа төвлөрүүлж бодоцгооё.

Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалсан 36 хууль, үй олон эрхзүйн акт хэрэгжиж байна. Гэвч яагаад хүүхэд хүчирхийлэлд, гэмт хэрэгт өртөх нь буурахгүй, хүүхдийн эрх хангагдаж, хамгаалагдахгүй байна вэ. Шалтгаан нь бид асуудлынхаа гүн рүү орохгүй, наагуур нь өнгөц шийдвэр гаргаад байгаатай л холбоотой.

УИХ-аар тун удахгүй орох Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэг эхэлж байна. Хуулийг чангатгаж асуудлын үр дагавартай тэмцэхээс гадна урган гарч байгаа үр үндсийг хэрхэн таслах вэ гэдэг нь бидний шийдэх үндсэн асуудлын нэг. Монголд тулгамдаж байгаа үй олон асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдэх ёстой.

Монголын 3,2 сая хүн ам 750 мянган өрхөд хуваагдаж байна. Хүүхэд, хөгшид, ажилгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд л 750 мянган өрхөд хуваагдан амьдарч байна. Энэ 750 мянган өрх дотор л Монголын нийгэмд өнөөдөр тулгамдсан бүх асуудал бий. Асуудлыг өрх гэр дотор нь авч үзээд, тэнд нь шийдвэрлэх арга замыг хайвал олон асуудлын шийдэл нэг дор олдоно. Удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Гэр бүлийн хуулиа ч ингэж харвал зөв болно. Энэ хуулийн зорилго нь гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгийг төлдөг болгох, хүүхэд өмч хуваалцах эрхтэй байх харилцааг зохицуулна гэжээ. Хуулийн концепц гэр бүлийг нэгтгэн зангидахад биш харин ч улам салган холдуулахад чиглэж байх шиг санагдахгүй байна уу.

Гэр бүл салалт жил бүр нэмэгдэж, үүнээс үүдэлтэй өнчрөл, тахир дутуу гэр бүлүүд нэмэгдсээр 80 000 өрх толгойлсон ээж, 20 000 өрх толгойлсон аав байна. Монголын  8 өрх тутмын нэг нь өрх толгойлсон ганц бие хүмүүс, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч байна. Ийм тахир татуу өрхтэйгээр бид хөгжлийн тухай ярих боломжгүй. Монголын нийгмийн суурь нь ийм эмзэг, ийм хэврэг байна.

Одоо өргөн барьсан гэр бүлийн тухай хуулиа хүссэнээрээ батлаад сэтгэл өвтгөсөн аймшигт тоонууд буурахгүй. Гэр бүл салалтын шалтгаан нь хууль биш юм. Салсан эцэг хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа шалтгаан нь ердөө ч хуулиас болоогүй. Тэр аав гэртээ ажилгүй, орлогогүй, тиймээс өрхийн тэргүүний байр сууриа баттай эзэлж чадахгүй байгаагаас салалт үүссэн, ажилгүй орлогогүй, салсан эцгээс хууль гаргаад ч хүүхдийн тэтгэмжийг салгаж авч дөнгөхгүй.

Асуудлын суурь шийдэл нь хууль биш.

Өрх гэрийн багана ганхаж, тулга нь тулгуургүй болсных. Өнөөдөр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага, жил тутмын нас баралтын 2/3-ыг эрчүүд эзэлж байна. Тэдний ¼ нь осол гэмтлээр, 1/5 нь хавдраар 1/3 зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байна.

Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5 дахин, хүчирхийлэлд өртөх нь 4 дахин, зам тээврийн осолд өртөлт 4 дахин, халдварт өвчин 2 дахин их байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь 3 дахин бага байна.

Өнөөдөр Хятад, Солонгос, Вьетнам зэрэг олон мянган ажилчид монгол эрчүүдийн хийж чадах барилга, зам, уул уурхай, үйлчилгээ, автомашин засвар зэрэг ажлуудыг хийж байхад 145 мянган монгол хүн гадаадад ажиллаж амьдарч байна. Түүнчлэн 12 мянга орчим архаг архичид бүртгэлтэй байна. Үр дүнд нь гэр бүлийн хүчирхийлэл жил бүр нэмэгдсээр байна. Баталсан хуулиуд энэ бүхний үр дагавартай л тэмцэхээс уг үндсийг нь сугалан тасалж чадахгүй юм. Энэ бүхнийг таслан зогсоох, монгол гэр бүлээ, түүнээс эхтэй улс-үндэстнээ аваръя гэвэл гарцаагүй уг үндэс рүүгээ хандсан уламжлал соёлоо сэргээж, түүндээ суурилсан төрийн цогц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай.

Хэдэн мянган жилийн турш дайн байлдаанд хурцлагдан хатаагдсан монгол эр хүний мөн чанар- асар их эрч хүчийг нэгтгэн зангидаж зарцуулах нийгмийн томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилт Монголд алга. Нийгмийн их эрч хүч архидаж гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх, их л сайндаа нам болж өөр хоорондоо дайтах, газраа ухаж баялгаа зарах мэтэд л сүүлийн 30 жил зарцуулагдлаа. Их бүтээн байгуулалт өрнүүлэх, нурааж орхисон аж үйлдвэржилтээ сэргээж, төмөр зам барих, ажилгүйдлээ шийдэж, өрх гэрийг өөд нь татах суурь асуудлын шийдэл улстөрийн толхилцооны дундаас цухуйн гарч чадсангүй.

Эрчүүдэд байгалиас заяасан биеийн хүч чадал тэнхээ нь арми, хүнд үйлдвэр, уул уурхай, зам барилга зэрэг салбарт давамгайлах давуу бололцоо олгодог. Өнөөдөр манай улсын аж ахуйд ийм л салбарууд голлож байгаа, ойрын ирээдүйд ч ийм л байх болно. Тиймээс эр хүн бүрийг, өрхийн тэргүүн бүрийг ажлын байраар хангахыг төр өөртөө үүрэг болгох хамгийн эхний, даруухан зорилт болгон тавимаар байна. Өрхийн тэргүүнийг эн тэргүүнд ажлын байраар хангах үүрэгтэй болбол нэг сумаар хэдэн ч туулай буудаж болно. Энэ л асуудлын дор гэр бүлийн дотор байгаа олон олон асуудлууд дагаж шийдэгдэнэ. 750 мянган өрхийн 180 мянган өрх нь төрийн албан хаагчтай, мөн төдий тооны өрх хувиараа бизнес эрхлэн өөрсдийгөө болгоод яваа гэж үзвэл юуны түрүүнд 400 мянган өрхийн тэргүүнийг эхний ээлжинд ажлын байраар нэн яаралтай хангах цогц бодлого хэрэгжүүлье. Өрхийн тэргүүн бүхэн ажилтай байвал, өрхөд дор хаяж нэг хүн ажилтай, орлоготой байх энэ энгийн зорилтыг хэрэгжүүлж чадвал ажилгүйдэл, ядуурал, түүнээс үүдэлтэй архидалт, хүчирхийлэл гэх мэт дагасан сүүдэртэй олон асуудал шийдэгдэнэ.

Эрчүүд давамгайлсан дээрх салбаруудад гэр бүлтэйгээ хамт ажиллах бололцоог л бид бүрдүүлэх ёстой. Баялгийн уурхайг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ашиглахдаа нийгмийнхээ энэ онцлогийг мэдэрч, гэр бүлтэй нь ажиллах нөхцөл бололцоо, эмэгтэйчүүдийн ажлын байр, сургууль, цэцэрлэгийн асуудлыг хамтад нь шийдсэн гэрээ байгуулах нь төрийн үүрэг.

Эрдэнэтийн үйлдвэр нээгдмэгц хүн ам зүйн оновчтой бодлогоор хүнсний үйлдвэр, хивсний үйлдвэр, ахуйн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг зэрэгцүүлэн барьж эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар л Монголын хоёр дахь том хот бий болсон юм. Гэтэл Эрдэнэтээс хэд дахин их нөөцтэй, дэлхийд эхний байруудад жагсах Оюутолгойд ид насны монгол эрчүүдийг гурав гурван сараар хашиж ажиллуулж байгаа шүү.

Оюутолгойд хот барь гэж шаардахын цаад учир нь Цогтцэцийд байшинтай болж үлдэх гэсийм бишээ. Тэнд ажиллаж байгаа эрчүүдийн эхнэрүүдийг нь тогтвортой ажлын байраар хангаж, монгол гэр бүлийг үнэ цэнтэй, тогтвортой байлгах л шаардлага юм. Хэрэв Оюутолгойн орд зуун жил ашиглах орд юм бол бид ийм л асуудлыг гэрээндээ тусгах ёстой байсан.

Хөнгөн хүнсний үйлдвэр байхгүй учраас олон эмэгтэйчүүд ажилгүй байгаа нь үнэн. Эдийн засгийн бодит тэлэлт бол гадагшаа экспортоо нэмэгдүүлж, дотооддоо хүн амаа өсгөснөөр л бий болно. Хэрэв хүүхнүүд бид хүүхэд төрүүлэхгүй бол хүн ам хэрхэн өсөх билээ? Хэрэв хүүхнүүдийн хөдөлмөрийн бодитой үнэлье гэвэл аягаа угааж тоосоо соруулснаа нөхрөөрөө үнэлүүлэх биш, харин эрүүл саруул монгол хүүхэд төрүүлж, зөв хүмүүжүүлснээ төрөөрөө үнэлүүлэх ёстой.

750 мянган өрхийн тэргүүнээ эн тэргүүнд ажлын байраар хангах, бүсгүйчүүдийнхээ үр хүүхдэдээ бүтэн анхаарал тавьж, ирээдүйгээ зөв хүмүүжүүлэх хөдөлмөрийг үнэлсэн бодлогыг хэрэгжүүлэхэд арван жилийн дараа монголын нийгэм, эдийн засаг, нийгмийн ёс суртахууны түвшинд ямар их өөрчлөлт авчирна гэж санана аа. Хүүхэд төрүүлэн өсгөж байгаа ээжид цалин өгч чаддаггүй юмаа гэхэд эхний ээлжинд нийгмийн даатгалыг нь 100 хувь бөглөчихдөг бол ээжийн ирээдүй хохиролгүй байхсан. Ээжтэйгээ хамт өсч байгаа хүүхэд өвдөх нь бага тул эмнэлгийн шалаар зулж хэвтэх шаардлагагүй болно. Ээж нь цалингаа аваад хүүхдээ харж байхад цэцэрлэгт шөнөжин хонож оочирлох шаардлагагүй болно. Хүүхдэд чиглэсэн бодлогыг ээжээр нь дамжуулж гэмээ нь хамгийн үр дүнтэй хүрэх юм.

Өнгөрч байгаа 30 жилд Монголын нийгмийн, түүний дотор гэр бүлийн харилцааг уг сууриар нь эвдэж, эмэгтэйчүүдийн эрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх гэх мэтээр гэр бүл дотор нэгж бүрээр нь тусад нь салгаж, энэ бүхнийг хооронд нь сөргөлдүүлэн тавьснаар нийгэм задарч, хямрал сүйрлийн босгонд тулж ирээд байна.

Асуудлыг цогцоор нь биш өрөөсгөлөөр тавьсаар байгаад хамгийн гол суурь асуудлаа хараанаасаа алдсан байна. Эдүгээ энэ буруу практикийг таслан зогсоож, эр нөхөр, гэргий, хүүхэд гэсэн монгол гэр бүлийн тулгын чулууны суурь тэнцвэрийг дахин тогтоох ёстой.

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Японы хөгжлийн нууц хүүхдэдээ зуун хувь анхаарал хандуулж чадсан япон эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үр шим юм. Эцгүүдийг ажлын байраар бүрэн хангаж, эмэгтэйчүүд үр хүүхэддээ зуун хувь анхаарал хандуулсан бодлого бол гэр бүлийг төвдөө тавьсан бодлого. Үүний үр дүнд өнөөдөр япончууд дэлхийд хамгийн эрүүл, хамгийн урт настай, хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр, хүүхдийн шүдний цооролтыг мартсан, гэмт хэрэг хамгийн бага гардаг орон болж чаджээ. Бидэнд хэсэг хугацаанд ийм бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Бид Япон шиг хүн ам олон биш тул бүсгүйчүүддээ сонголт өгч болно. Хүүхдээ харах сонголт хийсэн бүсгүйчүүдээ бодлогоор дэмжиж эхний ээлжинд наад зах нь нийгмийн даатгалыг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 100 хувь бөглөж байх, цаашлаад цалинтай болгох зайлшгүй шаардлага байна. Гэр бүлийн хууль ийм л суурь асуудал, бодлого руу чиглэж УИХ, төрийн түшээд асуудлыг цогцоор нь харж аж үйлдвэржилт-ажлын байр-ажилгүйдэл-гэр бүлийн асуудлыг сууриас нь эхэлмээр байна. Энэ бүхнийг хийх ховорхон боломж нэг намаас дангаараа 65 суудалтай одоогийн парламентад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ л асуудлын шийдлийг гаргаж ирээд, бэлэн төсөл, хөтөлбөрүүдийг санал болгоод хамтран хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хөрөнгө  мөнгө, хүн  хүч, зохион байгуулалтаа ийм л суурь асуудалд нэгтгэн төвлөрүүлж хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч уриалж байна” гэлээ.

Мөн “Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” захидал, гар зургийн уралдаан зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрээс 13 мянга гаруй хүүхдийн захидал цуглуулж 500 гаруйг нь ном болгож хэвлэсэн. Энэ номыг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, хүүхдийн төлөө үүрэг хүлээж байгаа төрийн байгууллагын бүх дарга нарт хүргүүлсэн. Мөн сургуулиудын захирлуудад мөн хүргүүлсэн. Гэр бүлийн хуулиа хэлэлцэхийн өмнө хүн бүр энэ номыг уншиж, хүүхдүүд ямар орчинд амьдарч, сурах орчинд нь, ар гэрт нь ямар асуудал байгааг энэ номоос олж хараарай. Тэд юу мөрөөдөж байгааг энэ номоос олж хараарай. Хуулиа батлахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Монгол гэр бүл улам батжин, бэхжих болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх