Та хамгийн багадаа 3 сард нэг удаа цусны даралтаа хэмжүүлж байгаарай

2019 оны 05-р сарын 20 өдөр, 22 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daralt-middle

МУ-ын Хүний гавьяат эмч М.Чимгээ эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Цусны даралт ихсэх өвчин- Артерийн даралт ихсэх АДИ
Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм.

АДИ өвчнийг үүсгэж буй шалтгаанаар нь анхдагч ба хоёрдогч гэж ангилна. Анхдагч АДИ нь дийлэнх хувийг эзлэх ба нас, удамшил зэрэг дараах нөхцлүүд өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл, шалтгаан болдог. Үүнд:
• Давсны хэрэглээ өндөр байх буюу өдөрт 5.8 гр аас их байх
• Амьтны гаралтай өөх тос, холестрин ихээр агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх
• Хорт зуршил /архи,тамхины хэрэглээ/
• Хөдөлгөөны хомсдол (илүүдэл жин)
• Ажил үйлдвэрийн үр дагавар
• Мэдрэл сэтгэхүйн гэмтэл /сэтгэл хөдлөл, цочрол/
• Удамшил
• Нас
• Хүйс
Хоёрдогч АДИ хэлбэр нь бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед шинж тэмдэг байдлаар илэрнэ.
Тухайлбал-бөөрний эмгэгүүд, бөөрний дээд булчирхайн хавдар, бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дотоод шүүрлийн эмгэгүүдийн АДИ шинж тэмдэг илэрдэг байна.

Ангилал:
Артерийн даралт нь хэвийн 120/80-с бага байх нь хамгийн тохиромжтой.
Хэрэв 120/80-аас 129/84 байвал хэвийн даралт, 130/85-аас 139/89 байвал хэвийн дээд хязгаар гэнэ.
Хэрэв 140/90 –ээс 159/99 байвал Артерийн даралт ихдэх өвчний нэгдүгээр үе
Хэрэв 160/100-аас 179/109 байвал Артерийн даралт ихдэх өвчний хоёрдугаар үе
Хэрэв 180/110-аас их байвал Артерийн даралт ихдэх өвчний гуравдугаар үе
Хэрэв 200/130-аас их байвал артерийн гипертензийн криз гэнэ
(!Артерийн даралтийн хэвийн хэмжээ тухайн хүний нас, удамшил зэргээс хамааран харилцан адилгүй байх нь бий)

Эмнэлзүй:
Хүндрэл үүсээгүй тохиолдолд буюу нэгдүгээр үе шатанд бодит үзлэгээр онц шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн тохиолдлоор эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр АДИ-г илрүүлдэг.
Өвчний 2-р шатанд АД өндөр болсонтой холбоотойгоор ихэнх тохиолдолд өвчтөнд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, амархан ядрах, ажлын чадвар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Мөн энэ шатанд ихэвчлэн зүрхний зүүн ховдол томорсонтой холбоотой зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, амьсгаадах, хавагнах шинжүүд илэрч болно.
Өвчний 3-р шатанд зүрх, бөөр, тархи, нүдний судсанд өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинж тэмдэгүүд илэрнэ.

Эмчилгээ:
АГ-ийн аль ч үе шатанд хоол хөдөлгөөн эмчилгээ маш чухал үүрэгтэй. Эмэн эмчилгээг өвчний үе шат, хоолны дэглэм болон хөдөлгөөнд артерийн даралт хэр бууж байгаагаас хамааран эмийн төрөл, тунг эмч сонгоно. Эмчийн зөвлөсөн эмийг тогтмол цагт, даралт ихсээгүй үед ч ууж хэрэглэнэ.

Хоолны дэглэм:
• Давсны хэрэглээг бууруулах
Хоногт 5.8 гр-аас бага давс хэрэглэх, цайг давсгүй уух, давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Кали их хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ хэрэглэх
• Тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн, ханасан өөх тосны хүчил багатай бүтээгдэхүүн зонхилон хэрэглэх
• Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг бууруулах

Хорт зуршил:
• Архины хэрэглээг зогсоох – Архи нь АД буулгах эмийн нөлөөг сулруулдаг ба архины хэрэглээг хязгаарлахад систолын болон диастолын даралт үлэмж хэмжээгээр буурдаг болох нь туршилтаар батлагдсан.
• Тамхинаас гарах – хамгийн үр дүнтэй арга бөгөөд тамхинаас татгазснаар зүрх судасны олон өвчнөөс сэргийлж чаддаг
Хөдөлгөөн:
• Дунд зэргийн эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийх. Үүнд: хурдан алхах, шогшин гүйх, усанд сэлэх гэх мэт дасгал хөдөлгөөнүүд орно. Нэмэлтээр булчингийн эсэргүүцэл сайжруулах дасгалуудыг хийх боломжтой.

АДИ өвчин оношлогдох үед дагалдаж уг өвчний эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл дараагийн 10 жилд аминд халтай нөлөө үзүүлэх эрсдэлийн хэмжээг тогтоодог. Уг үзүүлэлтүүдэд тухайн хүний нас, хүйс, тамхины хэрэглээ, цусан дахь холестерол болон артерийн даралтын хэмжээ ордог.

Урьдчилан сэргийлэлт:
Хэдийгээр таньд артерийн гипертензи гэсэн онош тавигдаагүй ч гэсэн хэрвээ та 40-өөс дээш настай бол дээр зөвлөсөн хоол болон хөдөлгөөний дэглэмийг баримталаарай. Мөн та тамхи татдаг, архи хэрэглэдэг бол эдгээр зуршлаа хаяхыг таньд зөвлөж байна.
Та хамгийн багадаа 3 сард нэг удаа цусны даралтаа хэмжүүлж байгаарай.

Өглөө бүр өлөн элгэн дээрээ 640 мл хүйтэн бүлээн ус уувал тэр өдөртөө бүх бие цэвэрлэгдэж цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх