Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

2019 оны 05-р сарын 20 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4949c0_MPA_PHOTO_2016-4294_x974

Гурван шатны сонгуульд нэгтгэн хэрэглэсэн Сонгуулийн тухай хуулийг энэ удаагийн парламент гурав задлах нь тодорхой болсон.

Харин УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил гаруйнхны хугацаа үлдсэн энэ үед сонгуулийг ямар тогтолцоогоор хэрхэн зохион байгуулах нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Эрх баригч МАН Сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн, УИХ-ын, ИТХ-ын гэж гурав ангилахын зэрэгцээ ирэх оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах талаар мэдээлэл гарч эхлэв.

Энэ нь зөвхөн таамаг төдий биш гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төслөөс харж болно. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан томсгосон мажоритар тогтолцоотой болох заалт бүхий сонгуулийн хуулийн төсөл өргөн барьсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдав. Томсгосон мажоритар тогтолцоо нь дотроо мандатад хуваагддаг бөгөөд уг хуулийн төсөлд Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг тус бүр хоёр, харин Өвөрхангайг дөрвөн мандаттай болгохоор тусгасан аж. Түүнчлэн эрх баригчид үнэмлэхүй олонх болсон ч нам доторх зөрчил, гишүүдийн ёс зүй, хариуцлагаас үүдэн УИХ-ын нэр хүнд муу байгаа учир ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зөв арга зам гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өмнө нь манай улс 2008 болон 2012 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулсан түүхтэй.

Сонгуулийн хуулийн сурагтай зэрэгцэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар ирэх оны сонгуульд өрсөлдөхөөр Говь-Алтай аймгийн тойргийг булаацалдсан гэх асуудал өнгөрсөн долоо хоногт хүчтэй өрнөлөө. Тэгвэл МАН-ын барьж буй бодлогоор буюу ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулбал, нэг намын гишүүд нэр дэвшихдээ тойрог булаацалдах асуудал үүсэхгүйгээр барахгүй ийм маргаан гаргах шаардлагагүй болно. Тэгээд ч хуулийн төсөлд тусгаснаар Говь-Алтай аймгийг хоёр мандаттай болговол Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарын гэх маргаан ашиггүй болох биш үү. Харин нөхцөл байдал ийм байхад тойрог булаацалдаж, нам дотроо зодоон хийж буй мэтээр харагдуулах сонирхол хэнд байна вэ гэдгийг МАН-ынхан бодох нь зүйн хэрэг.

Дарин дээр давс нэмнэ гэгчээр МАН-ын Хяналтын ерөнхий хороо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намын зүгээс таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талынханд хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан түүнд хариуцлага тооцсон. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг хуульд оруулсан. Тиймээс түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэв.

Харин уг шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Мөн Удирдах зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгсөн нь тойрог булаацалдсан гэх асуудалд илүүтэй хүч нэмэв. Хэдийгээр түүнд Хяналтын ерөнхий хороо биш УИХ-ын холбогдох байгууллага хариуцлага тооцох ёстой гэж өмөөрч болох ч алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх нь жам ёс. Түүний саналаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарч хэрэгсэхгүй болж байна. Жишээлбэл, олон нийтийн мэдэж буйгаар мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын авлигын хэрэг саяхан хэрэгсэхгүй боллоо. Үүнээс цаашлаад олон томоохон хэргүүд ч хэрэгсэхгүй болох эрсдэлтэйг улстөрчид, хуульчид хэлж байгаа. Энэ үүднээс алдаа гаргасан учир түүнд хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо шиг төрийн институтийн үйл ажиллагаанд оролцож биш, харин эрх үүргийг нь эдэлдэг холбогдох байгууллагууд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны энэ үйлдэл нь сонгууль дөхөхийн хэрээр намынхаа залуусын дунд яс хаях ажиллагааг эхлүүлж буй мэт харагдаж байгааг нуух юун. Тэдний шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ыг бүлэг хүлээн зөвшөөрөөгүй нь Хяналтын ерөнхий хороо намынхаа УЗ-ийн чиглэлийн дагуу шийдвэр гаргадаггүй нь нотлогдлоо. Харин энэ жишээгээр төрийн ажилд намын хяналтын байгууллага хэт өргөн хүрээтэй оролцсоны зэрэгцээ тэдэнд олгосон их эрх мэдлийг эргэж харах цаг болсныг харуулсан үйл явдал боллоо.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь 15 гишүүнтэй бөгөөд тэднийг 2017 онд болсон МАН-ын Их хурлаар шинэчлэн сонгожээ. Тэд намынхаа дүрмийн биелэлт, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох гишүүний талаар холбогдох байгууллагад санал өгөх зэрэг эрх, үүрэгтэй байдаг. Харин төрийн институтийн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэдгийг намын гишүүд нь ч хэлж байна. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны үеэр үг хэлж байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй. Бүлгийн гишүүд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.

Ямартай ч сонгуулийн хуулийн сурагтай зэрэгцэн өрнөж буй үйл явдлыг хөндлөнгийн нүдээр ажихад ийм байна. Цаашлаад энэ мэт маргаан үр ашигтай юу, үгүй юү гэдгийг одоо хэлэлцэхээр бэлтгэж байгаа гурван шатны сонгуулийн хуулиас мэдэж болох билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх