Төл бойжилт 98.3 хувьтай байна

2019 оны 05-р сарын 17 өдөр, 17 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mal

Оны эхний 29.7 сая эх малын  69.1 хувь буюу 20.0 сая 539.9 мянган хээлтэгч төллөж 20.0 сая 112.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.3 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 494.0 мянга болж оны эхний нийт малын 0.74 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Цаг агаар, ургамлын ургалтын байдал

13-нд Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил, Шарга, 15-нд Өмнөговь аймгийн Манлай, 15-нд Сүхбаатар аймаг, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумдад салхи 28-34 м/с гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21.0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 мм орсон байна.

16-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Дархан-Уул аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.

Бэлчээрийн ургамал ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх,  Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар буюу 30 хувьд сайн, Увс, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар буюу 30 хувьд дунд бусад 40 хувьд муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу ургамлын ихэнх хэсэг гандаж шарласан, мал бэлчээх боломжгүй байна.

Урьдчилсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна.

18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна.

 Салхи 18-20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх