Чингэлтэй дүүргийн 15 сургууль нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтээ цахимаар авч байна

2019 оны 05-р сарын 14 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60334780_322883115035967_3786020637860954112_n_20190514011818

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас өнөөдөр Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Д.Үнэнбат нар хийв.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын А/44 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулна. Дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан” хэмээн ярилаа.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын зүгээс аливаа төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, цахим хэлбэрээр үзүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар авах ажлыг зохион байгуулж байна. БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS цахим систем дээр элсэлтийг авч байгаа. Цахим системээр одоохондоо зөвхөн Чингэлтэй дүүргийн Хамран сургах тойрогт сурах хүүхдүүдийг бүртгэх юм” хэмээн хэлэв.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Элсэлтийн явцын мэдээг 2019 оны  тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3×4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх