Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Тэгвэл энэ хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна.
Тэгвэл өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, Харилцагч үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ болон бусад албаныхан очиж танилцлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа:
Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжиж ажиллахад бэлэн. Бид өнгөрсөн гурван сард нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж өнөөдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа камержуулсан байна. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго.
Улаанбаатар смарт карт” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ:
“Улаанбаатар Смарт карт ХХК”-ий зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ энэ ажлыг санаачилж, бид хамтран ажиллалаа. Том оврын автобусанд дөрвөн камер, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна. Камерын хувьд стандартын шаардлага хангасан камерууд байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимтэй хийж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахын төлөө бусад компаниудтай ч гэсэн хамтран ажиллах болно.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон:
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобуснуудаа онлайнд холбож, бүрэн хяналт тавих боломжтой боллоо. Компаний гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобуснууд камерын хяналтанд орсон. “Улаанбаатар смарт карт” ХХК-ий тусламж, дэмжлэгтэйгээр энэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.