Энэ долоо хоногт ослын улмаас нийслэлд 42 хүн гэмтэж, бэртжээ

2019 оны 05-р сарын 10 өдөр, 19 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

Энэ долоо хоногт /2019.05.06-2019.05.10-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 14 бүртгэгдэж 14 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 9 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 05.06-ны 03 цагийн орчим Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд T.Pruis маркын автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон,
  • Мөн 2019.05.08-ны өдрийн 15 цагийн орчим СХД-ийн нутаг Толгойтын замд Рruis маркийн автомашины жолооч болон зорчигч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны лумаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон 2 настай Н нарын 3 хүн гэмтсэн хэргүүд бүртгэгджээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 27 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 162 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 1,8 хувиар, гэмтсэн хүн 35 хувиар өссөн хэдий ч, амь нас нь хохирсон хүн 87 хувиар, зам тээврийн ослын дуудлага 1,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

ЗӨВЛӨМЖ: Цаг агаар дулаарч байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгдсээр байна.

Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
  • Хорооллын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
  • Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
  • Гараш, зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
  • Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
  • Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх;
  • Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх