Дэлхийн мэдлэг мэдээллийн 80 хувь нь бүтээгдэж 2.5 тэрбум хүн өдөр тутамд ярьж буй англи хэлний боловсрол олгох шинэ суваг С CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ
Уг телевиз нь “БҮХ НИЙТЭД АНГЛИ ХЭЛ СУРГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд залуус гэлтгүй бүх насныханд өдөр бүр хөгжилтэй нэвтрүүлэг үзэнгээ англи хэл сурах боломжийг бий болгож байгаа юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний агуулга, нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хүргэж, Монгол улсынхаа мянга мянган хүүхэд залуучуудад англи хэл, гоо зүйн мэдлэг боловсролыг олгож, тэднийг боловсролд суурилсан мэдээллийн зөв агуулгад чиглүүлэх, хот хөдөөгийн боловсролыг ялгааг арилгаж, баян ядуу амьдралын түвшинөөс үл хамааран хүүхэд бүхнийг сурах боломжоор тэгш хүртээмжтэй хангахад уг телевизийн үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа аж.
Монгол Улсад 0-17 насны 1 032 959 хүүхэд байгаагаас 34,7 хувь нь буюу 399 902 хүүхэд хөдөө орон нутагт сурч, амьдардаг. Төв суурин газраас алслагдсан сум суурингуудад сурч байгаа хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээл дээр биш, гэрээсээ суралцах шаардлага үүсдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл байгаагүй аж.
C CHANNEL EDUCATION телевизийг үүсгэн байгуулагч, захирал Б.Бат-Өлзий
“Анх энэхүү англи хэлний хөтөлбөрийг санаачлан, эхлэлийг нь тавьсан УИХ-ын гишүүн М.Энхболд танд талархалаа илэрхийлье. Энэ төсөл бол Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх анхны төрөлжсөн суваг юм. Манай суваг хүүхэд багачуудад англи хэл, танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой. Улс төрийн мэдээлэлгүй, реклам сурталчилгаа явуулахгүй гэдгийг амлая. Орлого олох эх үүсвэр байхгүй ч монгол хүүхдийн боловсролыг дээдэлдэг сайхан сэтгэлт хүмүүс, компаниуд, Univision, Ddish, Сансар кабелийн хамт олон, Олон Улсын байгууллагуудын дэмжлэгээр телевиз маань үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Энхболд
“2010 онд H1N1 вирусын халдвар гарахад ЕБС-иудын үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдийг гэрт нь байлгах шийдвэрийг би улсын онцгой комиссын даргын хувьд гаргаж байсан.
Хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхын тулд сургалтын бүх хөтөлбөрийг тухайн үеийн ТВүүдээр цагийг нь зөрүүлэн хуваарилж гарган хүүхдүүдийг гэрээсээ хичээлээ хийх боломжоор хангаж байсан юм.
Энэ үйл явдлаас үүдэн хүүхдүүд гэлтгүй бүх хүмүүст танин мэдэхүй, англи хэлний боловсрол олгох төрөлжсөн ТВ шаардлагатай байгааг бодолцон шинээр үүсгэн байгуулагдаж буй энэ ТВ-д бүх нийтэд англи хэлний боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан юм. Миний энэ саналыг хүлээн авч бодитой ажил болгон өнөөдөр нээлтээ хийж буй C channel education ТВ-ийн хамт олон, Б.Бат-Өлзий захиралдаа гүн талархал илэрхийлье. Улс төрийн мэдээлэлгүй, төлбөртэй сурталчилгаа хийхгүй байх зарчимдаа үнэнч байж, Монгол хүүхдүүдийг маань амьдарч буй байршлаас үл хамааран дэлхийн боловсролд суралцах боломжоор эрх тэгш хангаж ажиллахыг хүсье” гэлээ.
Дашрамд дурдахад C CHANNEL EDUCATION телевиз нь Univision – 35, Ddish – 41, Сансар- 17, Сансар дижитал – 28 дугаар сувгууд дээр гарч байгаа юм байна. Тун удахгүй Skymedia болон бусад кабелийн телевизийн хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Маш их таалагдаж байгаа. Амжилт хүсье.