Хүүхдүүд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, архидалтгүй нийгмийг мөрөөдөж байна

2019 оны 05-р сарын 04 өдөр, 19 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ccc01b46f9188.71986012_20190503060729

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”–тэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар тус танхимыг тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгөв. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ.

Энэхүү төв нь сурагчдад чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаануудыг явуулахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.

Хүүхэд хөгжлийн төвд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд “Монголын хүүхдийн мөрөөдлийн газрын зураг бүтээх арга зүй” сургалтыг тус сургуулийн VIII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан сурагчид өөрсдийн хүсэл, мөрөөдөл ба түүнд хэрхэн хүрэхээр төлөвлөж буй талаар газрын зураг бүтээж төвийн нээлтэд зориулж үзэсгэлэн гарган, сэдвийн хүрээнд ярилцав.

“Монголын хүүхдийн мөрөөдлийн газрын зураг” үзэсгэлэнд сурагчдын төрөл бүрийн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн бүтээлүүд байсан ба үүнээс онцлоход нэгэн сурагчийн газрын зурагт, “Би архидалтгүй нийгмийг хүсч байна. Гадаадад энэ чиглэлээр суралцаж, боловсроод архидалтгүй нийгмийг бүтээхийн төлөө ажиллана” гэсэн мөрөөдлийн газрын зураг байв. Энэ мэтчилэн зарим сурагчид архидалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгараад байгаа эмзэг асуудлуудыг мөрөөдлийн газрын зургаар илэрхийлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх