ХХААХҮ-н сайд Ч.Улаан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Элчин сайд Фернандо Лугрисийг хүлээн авч уулзлаа

2019 оны 05-р сарын 02 өдөр, 18 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3J8A8616

ХХААХҮ-н сайд Ч.Улаан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Элчин сайд Фернандо Лугрист газар нутгийн хувьд зайтай ч ижил төстэй зүйл олон хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгаа талаар онцлон тэмдэглэсэн юм.

Уг уулзалтын үеэр Ноён Элчин сайд Фернандо Лугрис болон Сайд Ч. Улаан нар хоёр орны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож салбарын яамд хоорондын 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хэрэгжилтэд хоёр талаас анхаарал хандуулан ажиллах, хамтарсан оновчтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уругвай улсын мах, сүү боловсруулах дэвшилтэт технологи, арга туршлагаас суралцах, хүнсний салбарт тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний технологичийг тус улсад бэлтгэх, эрдэм шинжилгээний судлаач нарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээр болов.

Уругвай Улс хүнсний салбарт маш амжилттай хөгжиж байгаа улс бөгөөд 3.5 сая хүн амтай боловч 30 сая хүний хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнээс дийлэнх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. Иймд хоёр орны хооронд гадаад худалдааг эрчимжүүлэх  малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн бий болгоход хамтран ажиллах боломж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дурдлаа.

Мөн  цаашид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэрийг Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр байгуулж хөрш зэргэлдээх улс орон руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг эхлүүлэхээр болов.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх