Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн урилгаар 4 дүгээр сарын 25,26 өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2019.04.24/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян Монгол улсын ерөнхийлөгчид бараалхлаа.
Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтаж өнөөдөр /2019.04.25/ хэлэлцээр хийлээ. Энэхүү хэлэлцээрийн үеэр Монгол улс, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт МУ-ын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шан нар гарын үсэг зурлаа. “Монгол Хятадын экспо” гуравдах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны удирдлагаар энэ жилийн 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад үзэсгэлэн яармаг, хурал форум, соёлын солилцоо, аялал жуулчлалын зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.