АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголын өв соёлын өдрүүд”, “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд 27- ныг хүртэл үргэлжилнэ.
Уг арга хэмжээг Экспорт Олон улсын худалдааны төв, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйн бирж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-д экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулна.
Энэ удаагийн бизнес форумд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Бизнес форум АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын VI хуралдаантай давхцаж байгаагаараа онцлог юм. Бизнес форумаар гуравдагч хөршийн бодлого, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортын асуудал зэрэг үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг тодорхой төвшинд хөндөж ярилцан гэж оролцогчид онцолж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эскпортыг дэмжих, гадаад оронд зохион байгуулагдаж байгаа, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжин оролцуулахаар тусгасан. Экспорт, олон улсын худалдааны төв нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд экспортын нэгдсэн сүлжээг бий болгох, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус төв болон ХХААХҮЯ, ГХЯ- аас хамтран “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Хойд Америкийн зах зээлд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, мөн гадаад хамтын ажиллагааг бий болгох зорилго агуулжээ.
ХХААХҮЯам нь хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого баримталж байгаа энэ үед гаднын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрхэн үнэлж байгаа, Монгол компаниудын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний давуу талын талаарх мэдээлэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай танилцах боломжтой юм.