“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг батлав
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэв.
Өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйны байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Байнгын хорооны саналаар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь дэмжсэн тул, тогтоолын төсөл батлагдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.9, 40.8 дугаар зүйлүүдэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэх, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг засаж, зөвтгөх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ялыг дордуулж хэрэглэсэн тохиол хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ эдгээр хэргийн ялыг хөнгөвчлөх эсэхийг илүүтэй тодруулсан.
Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар хариултдаа, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр шүүгдэгчид ялыг хүндрүүлж оногдуулсан 56 орчим хүн байгааг дурдаад энэ асуудлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын зөвлөл дахин хэлэлцэж, шийдвэр гаргах байх гэдгийг онцолсон.
Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжив.
Элчин сайд эгүүлэн татах саналыг дэмжив
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулав.
“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэлээ.
Уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Иймд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд нь оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн.
Дараа нь “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналаар Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тус байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэх, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ нарыг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Хууль зүйн байнгын хороонд тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.