Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө сэрүүсч 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгороор хүйтэрч шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 7-12 метр зарим үед секундэд 14-16 метр. Өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.