Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.
2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүссэн. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл гадаад улсын жишиг, хандлага, өөрийн орны онцлогт тохируулан нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоосон. Нотариатч нь хуульч болж байгаатай холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил, үйлчилгээнд хамааруулсан” зохицуулалтыг хасч, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-т заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байхаар зохицуулсан байна. Түүнчлэн хуулийн төслөөр нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах зохицуулалтыг мөн хуулийн төсөлд тусгажээ. Нийгмийн хөгжлийг даган нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” талаарх нарийвчилсан зохицуулалт болон нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нэр мөр ойлгогдохгүй байгаа хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томьёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль зүй байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олонхын саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын нотариатчдын танхимын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ц.Мөнх-Оргил, Б.Баттөмөр, Н.Оюундарь, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, М.Билэгт, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс нотариатч төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа ч төрийн албан хаагч биш учир нотариатчийн ажиллах насыг 65-аар хязгаарлах шаардлагатай эсэх, 2019 оны 12 сар гэхэд нотариатч хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байхаар тусгасан тул шалгалт өгөх хугацааг сунгах боломж бий эсэхийг лавлалаа. Мөн нотариатчийн үйл ажиллагааг НӨАТ-ын тухай хуулиас хасах болсон шалтгааныг илүүтэй тодруулав.
Ажлын хэсгийн зүгээс, нотариатын үйлчилгээний талаар судалгаа хийхэд нотариатын үйл ажиллагаагаа шууд эрхлэхгүй байх, ажлаа туслахаараа хийлгэх, нотариатын үйлдэл нь зөрчил, маргаан үүсгэх зэрэгт асуудлууд гарсан учир насны хязгаарыг 65 гэж зохицуулсан. Олон улсад ч нотариатчдын насны хязгаар 65-70 нас байхаар зохицуулсан байдаг. Хүний эд хөрөнгийг хариуцах, мэргэжлийн алдаа гаргах, хуулийн этгээд хохирох тохиолдол гарч байгаа тул хуучин байдлаар нь буюу нотариатч хуульч байх шаардлагыг тавьсан. Хуульчийн сонгон шалгаруулалтын шалгалт өгөх хугацааг 2020 оны 12 сар хүртэл болгож сунгах боломж бий гэж хариулж байлаа. Мөн нотариатын үйл ажиллагаа нь ашиг олох зорилготой бус төрийн зарим чиг үүргийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас нотариатын үйлчилгээг хасахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нотариатч НӨАТ-ын баримт төлөхгүй, төлбөрийн баримт өгнө гэж байв.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо
Үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.
Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.
Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг гишүүнийг хуульд заасан үндэслэлээр эргүүлэн татсан. Эдгээр таван гишүүнийг гурвыг УИХ-аас, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүний нэр дэвшүүлэн томилсон байсан. УИХ-д төрийн бус 20 байгууллагаас тус бүр нэг хүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлсэн тул Байнгын хорооны хуралдаанаар дээрх нэр дэвшүүлсэн хүн тус бүрт нууц санал хураалт явуулахад С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх хамгийн олон санал авсан гэдгийг танилцуулгад онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Дэмбэрэлийн Өлзийбаатар, Засгийн газраас Наваанпэрэнлэйн Жанцан, Улсын Их Хурлаас Сүхбаатарын Алтанцэцэг, Ванжилын Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэрийг нь дэвшүүлсэн байв.
Нэр дэвшигч Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.
Нэр дэвшигч Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв.
Нэр дэвшигч С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулий эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан.
Нэр дэвшигч Д.Батсүх нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.
Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийг улс төрөөс ангид байлгахыг анхааруулахын зэрэгцээ радио, телевизийн хөтөлбөрийн агуулга, нийтлэлийн бодлогыг нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, эх оронч, нэгдмэл үзэлтэй, эх түүх, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг залуу, хойч үеийг бий болгоход чиглүүлэх, цаашдаа нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн МҮОНРТ-д ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, боловсон хүчний мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг 72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг 70.2 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа гэж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.