“Талх чихэр” ХК бүтээгдэхүүний 20 ширхэг уутаар нэг даавуун тор авах “Ухаалаг хэрэглэгч”хөтөлбөрийг 4-р сарын 15-аас 5-р сарын 18-ныг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо. Тус компанийн хэрэглэгчдийн хувьд цуглуулсан бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа үйлдвэрийн байр, “Милл хаус” ХХК-ийн дэргэдэх “Та чи” март болон 10-дугаар хороолол, мөн жуковт байрлах “Та чи”мартын салбар дэлгүүрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд өдөр бүр уутаа даавуун тороор солих боломжтой.
“Талх чихэр” ХК тус компанит ажлыг хэрэгжүүлснээрээ 10.000 хэрэглэгчдэд даавуун торыг тараахаас гадна өнгөрсөн 3сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хог хаягдлын тухай хуулийг дэмжигч байгууллага гэдгээ “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрөөр төлөөлүүлэн албан ёсоор зарлаж байгаа юм байна. Зөв хандлага, ухаалаг хэрэглээг дэмжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэглээнд тодорхой цаг хугацаанд даавуун торны хэрэглээг нэвтрүүлэхээс гадна хэрэглэгчдээс ирсэн уутаар дахин боловсруулах үйлдвэрт хандан хогийн сав, нийтийн эзэмшлийн талбайд сандал, замын хашлага зэргийг захиалгаар үйлдвэрлүүлж сонгогдсон хороонуудын тохижилтод хувь нэмэр оруулах юм байна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдэд үнэгүй тарааж байгаа даавуун тороо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдтэй хамтарч ажилласнаараа нэлээд онцлогтой компанит ажил болж байгаа юм байна.