“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

2019 оны 04-р сарын 12 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_4518

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг 04 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга, Удирдах хорооны дарга Ц.Болончулуунаар удирдуулан зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн, Монголын талаас ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, ХААИС-ийн удирдлага оролцлоо.

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга, Удирдах хорооны дарга Ц.Болорчулуун Үр сорт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь эрсдэлийн менежмент, тогтвортой хөрс ашиглалт гэсэн сэдвийн хүрээнд ажиллаж буй төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж яамны зүгээс төслийн ажлыг цаашид ч мөн дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. ХХААЯ-ны төлөөлөгч хатагтай Н. Конле оролцогчдод тус хуралд хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэндчилгээг дамжуулж, өнгөрсөн хоёрдугаар үе шатны хэрэгжилт сайн байсан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Төслийн удирдагч Др. А.Катер төслийн хоёрдугаар үе шатны сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэх концепц, 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Төслийн мэргэжилтэн Др. Б.Эрдэнэболор “Суурь судалгаа”-ны үр дүнг танилцуулж, нийт танилцуулгуудын дараагаар оролцогчид асуулт асууж, харилцан санал солилцож, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер А.Шмидт удирдан явуулсан бөгөөд оролцогчид асуултдаа хариулт авч, хэлсэн саналуудыг үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгахаар тогтлоо.

            Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төслийн зарим үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахаар боллоо. Ийнхүү Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх