Монгол хүн бүрийн заавал унших ном

2019 оны 04-р сарын 11 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuur-1

Аялагч Г.Ганхүүгийн ичиж уншсан нэгэн номын нээлт өчигдөр “Интерном”-д боллоо. Хүмүүс номыг танин мэдэж, догдолж, баярлаж, ухаарч, уйлж уншдаг. Харин “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг Г.Ганхүү ганц цаг уншихаар төлөвлөөд эхэлсэн боловч асар сонирхолтой байсан тул ичин ичин уншсаар үүр цайлгажээ. Тэрээр хэлэхдээ энэхүү номыг монголчууд маань бүгд тэр дундаа улс төрийнхөн маань бүгд уншаасай гэж ярив. Үнэхээр өвөрмөц нэртэй номыг уншсан хүмүүсийн сэтгэгдэл сонсоход маш их зүйл бодуулж, ичиж бас уйлж уншсан олон хүн байлаа.

Номын зохиогч У Ги Чүл бол НҮБ-ын Нобелийн шагнал гэгдэх “Амьдралын хөрс” шагналын эзэн юм. Тэрбээр 1990-ээд оны дунд үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээр “Ногоон Ази сүлжээ” олон улсын төрийн бус байгууллагыг байгуулж, 20-иод жилийн турш уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн газар нутгуудад ажилласаар иржээ. Манай улсад 2014 оноос эхлэн ажиллаж байгаа ба цөлжилт өндөртэй найман газар нутагт 1000 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц талбайд ойжуулалт хийж, орон нутгийн иргэдийг сургаж, чадавхжуулсаар байна. Улмаар манай улсад анх удаагаа “Ойн аж ахуйн сургалтын төв”-ийг нээн ажиллуулж байгаа аж.

Тус номонд Улам бүр эрчимжиж буй дэлхийн дулаарал ба бидний хоолны цэс өөрчлөгдөж байна, Сөүлийн талтай тэнцэх нуур алга болсон нь, Супер хар салхины загварчлал бодитой юу?, РМ тоосонцор болон нарийн ширхэгт тоосонцрын ялгаа, Байгаль орны газрын даргад нэхэмжлэл гаргасан түүх, Дэлхий үргэлжлэн дулаарвал юу болох вэ?, Зургаа дахь удаагийн мөхөл гэж юу вэ?, Филиппины үгээгүй ядуусын эцэс төгсгөлгүй доройтлын шалтгаан юу вэ?, Илүү их, илүү өрөвдөлтэй байгалийн гамшгийн занга, тусламжийн буруу үйл ажиллагаа бас нэг дүрвэгчийг бий болгоно, Парисын хэлэлцээр яагаад дэлхий дахины анхааралд оров, Гадаад худалдаа ба эдийн засгийн шинэ түлхүүр, АНУ-ын жинхэнэ төрх, Хятадын далд нууц, Солонгосын эндүүрэл, Хойшдоо үнэгүй нүүрстөрөгч гэж байхгүй, нүүрстөрөгчийн татвараар өөрчлөгдөх зүйл, Билл Гейтс дэлхийг аварч чадах уу?, Шаламгай хөдөлж буй компаниудын цаад санаа, Эбола вирусийг устгаж чадсан жижиг тосгоны гайхамшигт түүх, Уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх “шинэ вакцин” илрүүллээ зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар унших боломжтой юм.

Номын нээлтийн үеэр зохиогч У Ги Чүл “Би Монголд 800 мянган орчим мод тарьсан. Гэхдээ мод тарихын зэрэгцээ хамгийн гол нь хүнийг тарих хэрэгтэй” гэсэн юм. Хүний ухамсар, хүний ухаан, сэтгэл л байгаль эх дэлхийгээ, улмаар эх дэлхийд амьдарч буй хүн төрөлхтнөө аварна гэсэн. Өчигдөр номын нээлтэд хүрэлцэн ирсэн Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан гуай Монгол эх орондоо мөн 800 мянган  орчим мод тарьжээ. Тэрбээр олон  саад бэрхшээлийг давсаар нэг сая мод тарих амлалтдаа хүрэх дөхөж байгаа гэсэн юм. Чинагийн Галсан гуай “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номонд мялаалга үг бичихдээ “Хүн төрөлхтний дээд хууль нь  өөрөө байгалийн хууль бөгөөд энэхүү хуулийг нийгмийн харилцаатай хэрхэн зөв зохицуулахыг энэхүү номоос ойлгон ухаарах болно” хэмээн бичжээ. Номын зохиогч У Ги Чүл-ийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өргөмжлөлөөр шагналыг тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Оюунсанаа номын нээлтийн үеэр гардуулсан. Мөн нээлтэд Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Дамдин, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, доктор Х.Отгонбилэг, Д.Энэбиш нар оролцож үг хэлсэн юм.

Тэд уг номыг Монгол хүн бүр заавал унших хэрэгтэйг онцолсон. НҮБ-ын байгаль орчны салбарын нобелийн шагнал гэгддэг “Амьдралын хөрс” шагналын эзэн, ”Ногоон Ази Сүлжээ” олон улсын ТББ-ын тэргүүн У Ги Чүл-ийн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг бүх номын дэлгүүрээр 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. Гоёмсог ноолуурын ард яагаад нулимс нуугдав? Хариултыг Та энэ номноос олох боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх