Харааны бэрхшээлтэй сурагчид брайль газрын зурагтай боллоо

2019 оны 04-р сарын 02 өдөр, 15 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3

Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 2-нд Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 4 төрлийн брайль газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өгөв.

БХБЯ, ГЗБГЗЗГ-аас санаачлан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд 116-р сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхэгийг хүлээлгэн өгч байна. Үүнд:

  1. Дэлхийн газрын зураг,
  2. Монгол орны засаг, захиргааны зураг,
  3. 116 дугаар сургууль орчмын тойм зураг,
  4. 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн юм.

Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Харааны бэрхшээлтэй сурагчид маань 116-р сургууль орчмын брайль газрын зураг”-ийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ ирж, 166-р сургуулийн хашаан доторх брайль газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой боллоо.

Цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор БХБЯ, ГЗБГЗЗГ-аас “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, хэвлүүлэхээр 2019 онд төлөвлөн ажиллаж байна.

IMG_2 IMG_4

IMG_1 IMG_8

          ГЗБГЗЗГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх